Ерөнхийлөгч Катарын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Катарын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Катарын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдыг хүлээн авч уулзав

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Катар улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхиг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж буйд нь талархаад өөрийн улсын эзэн хаан Шейх Тамим бин Хамад Ал Танигийн халуун дотно мэндчилгээг дамжуулан хүргэв. Мөн ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 1992 оноос хойш маш их өөрчлөгдөж, өргөжин тэлсэн нь хөгжлөөрөө Катарын Доха хоттой харьцуулахуйц байгааг дурдаад Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байгаа гэлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хооронд агаарын тээврээр шууд зорчих асуудал яригдсан бөгөөд Ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Катарын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой гэж үзэж байгаа талаар хэлж, энэ талын яриа хэлэлцээрийг түргэвчлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Агаарын тээврийн асуудлыг нэн тэргүүнд шийдсэнээр иргэний болон ачаа тээвэр нэмэгдэж, түүнийг дагаад худалдааны эргэлт, хоёр улсын бизнесийн харилцаа өргөжин тэлнэ гэж үзэж байгаа талаараа Ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг ярьсан юм. Мөн Катар улсын бизнесийн салбарынхан түлхүү Монголын аялал, жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг байна.

Харин энэхүү салбарт хөрөнгө оруулах өргөн боломж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаж, агаарын тээврийн асуудлаар яриа хэлэлцээр хийх боломжтой гэсэн юм. Мөн хоёр улсын эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг өргөжүүлэхэд байнгын хамтын ажиллагааны механизмтай байх ёстойг хэлж, улс төр, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд, ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Катар улсад хүрэлцэн ирэхийг урив.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж