Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2018.7.4/ 17.00 цагт мэдэгдэл хийлээ. Тэд өнөөдөр мэдэгдэл хийж долдугаар сарын 5-нд 08.30 цагаас эхлэн 207 эрүүл мэндийн байгууллагын ажилтныг хамруулан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл 17.00 цагт дахин хурал зарлан ажил хаялтыг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай тус холбооны төлөөлөл уулзалт хийжээ. Уулзалтаар 26 зүйл заалттай хэлэлцээрийн 24-ийг хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан ч цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариу өгчээ. Тиймээс ажил хаялтаа түр хойшлуулаад байгаа аж.
Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын хэлэлцээр нь дөрвөн бүлэг 26 заалттай аж. Хэлэлцээрт зөвхөн цалин орлого нэмэгдүүлэх бус сувилагчийн орон тоог 1800-аар нэмэгдүүлэх, цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг тусгасан ажээ.
Р.Ренчиндулам