Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо болон Сангийн яамны дэргэдэх экспортыг дэмжих төслийнхөн хамтран Мэдээлэл технологийн үндэсний паркад дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий вэб бүтээх сургалтыг 15 хоногийн турш зохион байгуулахаар болсон байна. Энэхүү сургалтад таван компанийн 10 залуу оролцож байна. Тухайн сургалтыг зохион байгуулж буй залуучууд өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлд 500 мянган долларын борлуулалт хийсэн туршлагатай мэргэжилтнүүд юм. Монгол хүний хийсэн програм тун удахгүй дэлхийн зах зээл дээр маш олон төрлөөр зарагддаг экспортын шинэ гарцыг нээнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн албаны хүн онцолж байв. Энэ удаагийн сургалт нь олон улсын технологи, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээлэл технологийн үйлчилгээ хөгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх, энэ салбарын үйлчилгээг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Монголын програм хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц. Чулуунзагд:
-Монголын програм хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооноос Сангийн яамны экспортыг дэмжих төсөлтэй хамтраад Монголд анх удаа монгол инженерүүдийн хийсэн вэб дизайн экспортлох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үр дүнгээс хамаараад бусад компаниудыг хамруулах зорилготой байгаа. Тухайн компаниас сонгогдсон хоёр хүн сургалтдаа амжилттай суугаад бусад програмистууддаа зааж сургах ёстой байгаа юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр энэ чиглэлийн маш олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд вэб дизайн, програм хангамжийн маш олон бүтээгдэхүүнүүд зах зээл дээр зарагдах болсон. Бүтээгдэхүүнийг зарахын тулд тодорхой хэмжээний стандарт гэж байдаг. Монгол залуучууд програм хангамжийг зохиож чадаж байна. Гэхдээ стандартад нийцүүлж хийх нь маш чухал. Тэр стандартыг хангаж байж дэлхийн зах зээлд өрсөлдөх юм. Энэ сургалтын онцлог нь ерөөсөө стандартыг л бий болгох юм. Эхний шатны сургалт 15 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сангийн яамны дэргэдэх экспортыг дэмжих төслийнхөн бидний саналыг хүлээж аваад зардлыг нь 100% даасны үндсэн дээр сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ ондоо багтаагаад 4-5 сургалтыг зохион байгуулах хүсэлтийг Экспортыг дэмжих төслийнхөнд тавьсан байгаа. Монгол залуучууд хүчээ нэгтгэн хамтарч ажиллаад дэлхийн зах зээлд борлуулалтаа хийхийг хүсч байна.
Экспортыг дэмжих төслийн бизнес хөгжлийн шинжээч О.Батхишиг:
-Манайх сангийн яам болон дэлхийн банкны хамтарч хэрэгжүүлдэг экспортыг дэмжих төслийн байгууллага юм. Монгол улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь тэдний чадварыг бэхжүүлж, санхүүгийн дэмжлэг олгодог. Нэг аж ахуйн нэгж 100 мянган ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг авах боломжтой байгаа. Одоогийн байдлаар манай төсөлд 160 гаруй аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийлсэн байна. Тэдгээрээс 50 гаруй аж ахуйн нэгж 175 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг манайхаас авсан байгаа. Одоо хэрэгжүүлж буй энэ төсөл нь сургалт судалгааны хүрээнд манайхаас бүрэн санхүүжүүлсэн төсөл юм. Сургалт судалгааны бүрэлдэхүүн хэсэг гэдэг нь хувийн аж ахуйн нэгжүүд хүсэлт гаргаад ямар сургалт авах хүсэлт байна тэрэнд нь зориулж санхүүжилт олгодог юм.