АН-ынхан мөнгөө тушааж, МАН-ынхан ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

АН-ынхан мөнгөө тушааж, МАН-ынхан ажиглаж байна

Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. Гэсэн хэдий ч уг хуулийн дээрх заалт бодит амьдралд хэрэгжихгүй байгааг та бүхэн харж байгаа байх. Улс төрийн томоохон хоёр хүчин болох Ардчилсан нам ил цагаанаар нэр дэвшигчдээс татвар нэрийн дор 50 сая төгрөг авах болсноо зарласан. Харин Ардын намын тухайд нэр дэвшигчдээсээ “100 сая төгрөг авна” гэсэн яриа чих дэлсэх болсон. Энэ талаар тус намынхнаас тодруулахад “Нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авна гэсэн яриа гараагүй” хэмээж буй. Нөгөө талаас Сонгуулийн тухай хуулийн тогтолцоо хаашаа ч эргэж мэдэхээр байгаа учир босго мөнгөнийхөө хэмжээг хараахан тогтоогоогүй бололтой юм билээ. Хэрэв сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулахаар боллоо гэхэд намын нэрээр парламентад сонгогдох нь илүү мөнгө төлөх шаардлага ч бий болж мэдэх болохоор ийн хойшлуулсан биз. Ардчилсан нам өөрсдийгөө ардчиллыг дэндүү эрхэмлэдгийн хувьд босго мөнгөө хэнээс ч нуухгүй ил явуулж байгаа гэдэг. Мөн 50 сая төгрөг бол яг боломжийн хувилбар гэж ч Үндэсний зөвлөлдөх хорооныхон нь үзсэн байгаа юм. Яагаад гэвэл тэд татварын тогтолцоо, Сонгуулийн тухай хуульд захирагдсан болохоор ийм шийдвэрт хүрсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ намынх нь зарим гишүүн 50 саяыг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулаад амжсан юм даг. Ямартай ч үүнийгээ Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаа танилцуулахаар болсон байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Нэр дэвшигчдээс авах 50 сая төгрөгийг хэн ч эсэргүүцээд хэрэггүй” хэмээсэн. Түүний энэ үгийг даган бараг 300 гишүүн нэр дэвшигчийнхээ босго мөнгийг өгөөд байгаа сураг дуулдсан. Гэхдээ уг 50 сая төгрөгийг дөрөв хувааж өгч болох бөгөөд эхнийхугацаа нь өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд дуусгавар болсон. Мөн ирэх аравдугаар сарын 1, арванхоёрдугаар сарын 1, ирэх оны хоёрдугаар сарын 1-нд 12.5 сая төгрөгийг цувруулан төлснөөр босго мөнгөө өгч дуусах юм. Ардчилсан намын акулууд болох УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Лу.Болд нар нэр дэвших нь тодорхой. Харин тэдний дараагаас Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү нарын улс төр гэж юу болохыг мэдэрсэн хүмүүс нэр дэвшихээр босго мөнгөө өгсөн сураг бий. Мөн Ардчилсан намын ээлжит бус их хурлын төлөөх хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар Ерөнхий сайд С.Батболдыг шүүмжлэхийн зэрэгцээ Ардчилсан намд босго мөнгөө өгөөд амжжээ. Ямартай ч хоёр нам хууль зөрчин нэр дэвшигч буюу гишүүдээсээ мөнгө авах нь аваад, авахгүй нь ажиглаад сууж байна. Өнгөрсөн сонгуулиар Ардын нам, Ардчилсан нам тус бүр 20 сая төгрөгийг босго мөнгө болгон авч байсан. Харин дөрвөн жилийн дараа ханш нь ийн огцом нэмэгдлээ. Сонгууль болтол жилийн хугацаа бий. Энэ хугацаанд 50 сая байна уу, 100 сая байна уу хамаагүй хэдийг ч төлөөд сонгуульд нэр дэвших мөнгөтэй хүмүүс олноор гарах биз.   

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж