Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. Тэрээр “Аав” киногоороо олны танил болсон билээ.
Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.
Кино зураг авалтыг Карпатын ууланд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл хийх аж. Мөн “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлт 2019 онд Украинд болох юм байна.
Р.Ренчиндулам