Н.Цэрэнбат: Жуулчдад зориулж цэнгэлдэхийн суудлыг нэмэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: Жуулчдад зориулж цэнгэлдэхийн суудлыг нэмэх боломжгүй

Н.Цэрэнбат: Жуулчдад зориулж цэнгэлдэхийн суудлыг нэмэх боломжгүй

Монгол Улсын  аялал жуулчлалын олон улсад өрсөлдөгч давуу тал нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монгол Наадам юм. Жил бүр 10 мянга орчим жуулчин наадмын нээлт үзэхээр захиалгаа өгдөг аж. Энэ онд 110 компанийн захиалга бүхий 12 мянга орчим жуулчид наадмын нээлтийг үзэх эрэлттэй байна.

жуулчдад зориулсан суудлын тоог  1000 суудлаар нэмэгдүүлэх хүсэлтэй байна

Гэвч “Жуулчдыг хүлээн авч нээлтийн арга хэмжээг үзүүлэх суудал хүрэлцэхгүй байгаа” талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр зургадугаар сарын 28-ний өдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ ярьсан байдаг.Тэрбээр “Жуулчдыг хүлээн авч нээлтийн араг  хэмжээг үзүүлэх суудал хүрэлцдэггүй. Жуулчдад зориулж 2500 суудал хуваарилсан нь аялал жуулчлалын компаниуд наадмын нээлтийг үзэхээр захиалга өгсөн арван жуулчны хоёрыг л наадмын талбайд оруулж үлдсэн найман жуулчныг цэнгэлдэхийн гадна үлдээх болж байна. Энэ жил жуулчдад зориулсан суудлын тоог  1000 суудлаар нэмэгдүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагат хүргүүлнэ” гэж ярьсан юм.

Бид аливаа асуудлыг 100 хувь төр даах ёстой гэдэг байдлаа  өөрчлөх ёстой

Тэгвэл энэ  асуудлаар өнөөдөр /2018.07.04/  Байгаль орчин аялал жуулчлалын  яамны сайд Н.Цэрэнбат өөрийн байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнд жуулчид багтахгүй байна гэсэн асуудал  сүүлийн үед их яригдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  баяр наадмын Улсын комисс руу жуулчдын суудлын тоог нэмэх албан хүсэлтээ явуулсан. Монгол төрийн наадам учраас ард иргэдийнхээ тоог шууд автоматаар  хасаад жуулчдын тоо руу шилжүүлэх  боломжгүй. Үүнийг хаа хаанаа ойлгох ёстой. Харин энэ байгаа хүндрэлийг наадам дөхөхөөр ярих биш хоёр жилийн дараа том цэнгэлдэх  барихад аялал жуулчлалын компаниуд  энэ салбарынхан хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадах, улсын төсвөөс хэдэн төгрөг гаргах боломжтой вэ гэдгийг ярих ёстой. Асуудлыг хамтын оролцоотойгоор  шийдэх хэрэгтэй. Түүнээс биш аливаа асуудлыг 100 хувь төр даах  ёстой гэдэг байдлаа  бид өөрчлөх ёстой. Мөн аялал жуулчлалын компаниудын зүгээс жуулчдад зориулаад наадмын хоёр дахь өдөр наадмын нээлтийг дахин хийе гэсэн санал гаргасан ч хөрөнгө мөнгөний асуудал дээр гацсан. Улсын төсвөөс наадмын нээлтийг дахин хийхэд санхүүжилт гаргах боломжгүй. Харин аялал жуулчлалын компаниуд санхүүжилт, гаргах зардлаа өөрсдөө шийднэ гэвэл жуулчдад зориулаад наадмын хоёр дахь өдөр наадмын нээлтийг  хийх боломжтой гэсэн. Санхүүжилтийн асуудлыг аялал жуулчлалын компаниуд ч гэсэн шийдэхэд хүндрэлтэй байгаа учраас  наадмын нээлтийг дахин хийх  боломжгүй” гэв.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж