“Архангай аймаг шүлхийдээ бариулж байна гэнэ. Ж.Мөнхбатын тойрог тэр чигээрээ шүлхийтсэн. Ё.Баатарбилэгийн тойрог руу хэзээ мөдгүй нэвтэрч болзошгүй” гэх яриа өнгөрсөн хэд хоногт өндөр авч, гишүүд нь нутгийн зүг хурдлав. Өвлийн турш хөдөө, хотгүй тэмцэж, шүлхий өвчнийг намжаасан ч буцаж сэргэжээ.
Анх Өгийнуур суманд хонь шүлхийгээр өвдөж, хорио цээрийн дэглэм тогтоосон ч нэмж таван суманд тархсан байна. Саяхан Өгийнуур суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалсан ч дахин гарахгүй гэх баталгаа өгөх боломжгүй аж. Учир нь шүлхий агаар дуслын замаар халдварладаг тул хорио цээрийг чанд мөрдөх шаардлагатай. Гэтэл малчид, ард иргэд тусгайлан байгуулсан постоор нэвтэрч, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэдэггүй, хулгайн замаар явдаг. Эс бол хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс хэнд ч хэлэлгүй мал тээвэрлэдэг зэрэг нь өвчин дахиад сэдрэх аюулыг бий болгодог аж.
Монгол Улс өнөөдөр дэлхийд малын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлж байгаа. Үе, үеийн Засгийн газар малаа эрүүлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх зорилго тавьсаар ирсэн. У.Хүрэлсүхийн танхимд ч ийм амбиц бий. Өнгөрсөн онд махны экспорт 30 мянган тонн руу дөхсөн бөгөөд 50 мянган тоннд хүргэх амлалт өгсөн.
Хоёр хөршөөс эхлээд Арабын орнууд Монгол Улсаас мах эскпортлох хүсэлт тавьж ирсэн ч ганц л шалгуураар унадаг нь малын гоц халдварт өвчин байсхийгээд гардаг. Ямар аргатайдаа Орос, Хятадаас мэргэжлийн хүмүүс Монголд ирж, аль бүс нутаг нь малын гоц халдварт өвчингүй байна вэ гэдгийг судлах билээ.
Архангай аймаг бол шүлхий өвчний голомтгүй бүсэд тооцогдож ирсэн ч сая зургаан суманд эл өвчин бүртгэгдсэнээр голомтын бүсэд бүртгэгдлээ. Энэ мэдээ дэлхий дахинд муу мессеж болж очно. Уг нь малчид малаасаа олсон ашиг шимээсээ тодорхой хувийг малаа эрүүлжүүлэхэд зарцуулж сурсансан бол Монгол мал эрүүл, Монгол Улс 50 мянган тонн байтугай мах экспортод гарах бүрэн боломж бий.
Харамсалтай нь, малчид хамгийн багадаа хоёр сая, дээд тал нь хэдэн зуун саяаар нь малаасаа орлого олж байж, малаа вакцинжуулж, тарилгад хамруулж, угаалгад оруулдаггүй. Үнэндээ бол хурдан удмын адуу хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа билээ. За энэ наймаа томчуудын хийдэг панз гээд орхиё гэхэд л төлөг хамгийн багадаа 80 мянган төгрөг. Арван төлөг зарахад л малаа вакцинжуулалтад хамруулаад, тарилга хийлгээд, угаалганд оруулчих бололцоотой. Гэтэл үнэтэй байна гээд малаа эрүүлжүүлэх арга хэмжээг авдаггүй. Тэгсэн хэрнээ найр наадам хэсэж, наадамлах болохоороо хэдэн саяар нь зарцуулсан тухай биедээ гайхуулж ярина.
Төрөөс хөрөнгө хүч хаяаад үнэ төлбөргүйгээр малыг нь вакцинжуулалтад хамруулах болоход цаг хугацаанаас нь хождуулна. Эцэст нь мал өвчнөөр хорогдож эхлэхэд төр засгаас анхаарсангүй гэж гомдол тавих нь олонтаа.
Гэтэл төрөөс малын гоц халдварт өвчин гарсан аймаг, суманд зарцуулж байгаа хөрөнгө тэрбум, тэрбумаар яригддаг. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн таван суманд тус бүр шүлхийн голомтод хяналт тавин, малыг вакцинжуулалтад хамруулах зэрэг ажлын хүрээнд нийтдээ 500 гаруй хүн ажиллаж байна. Тэр бүгд мөнгөөр хэмжигддэг. Хэдийгээр мал нь төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульдаа заасан ч хувийн өмч. Хувийн өмчийг зарах эрх нь зөвхөн малчинд бий. Ашиг шимийг нь харамгүй хүртэж байж, малаа хөдлөх тэнхээгүй болтол нь халдварт өвчний үүр болгодог энэ арчаагүй сэтгэлгээгээ малчин бүр өөрчлөх цаг нь болжээ. Малдаа хөрөнгө оруулдаг болцгоо. Тэр цагт мал эрүүл, элдэв халдварт өвчин тусахгүй, Монгол Улс жилд 50 сая тонн мах экспортлох зорилтдоо хүрэх боломжтой.
Одоогийн сэтгэхгүйгээр малчин малынхаа ашгийг хүртдэг, төр өвчнийг нь үүрдэг болчихоод байна.
Г.ХОРОЛ