Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан хоёр настай охины цогцсыг энэ сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын “Яхь нуур” гэдэг газрын дэрсэн дундаас олдсон байдаг. Охин зургадугаар сарын 8-ны өдөр алга болсон юм. Хэрэг гардаг өдөр ээж нь нөхрийгөө харуулдахаар уулын орой руу гарахад том охин нь дүүгээ орхиод араас нь гарчээ. Бага дүү нь уйлаад хониныхоо захад үлдсэн гэж эгч нь ээждээ хэлсэн байна. Ингээд ээж охин хоёрыг уулнаас бууж ирэхэд охин нь алга болсон байсан гэж охины ээж мэдүүлжээ.
Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Шалгалт хийгдэж байна. Урьдчилсан байдлаар охины өмсч явсан хувцас нь таарч байгаа. Охины нас барсан шалтгаан нь гадны нөлөөтэй эсэх зэргийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дараа тогтоогдоно. Шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна” гэв. Охин уйлахаас өөрөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй жаахан учир олон хоног ус, хүнсгүй тэсээгүй байж ч болох юм. Шөнө орой болсон учир араатан амьтнаас айсандаа дэрсэнд нуугдаж нас барсан байх зэрэг олон таамаг байна.
Э.Бурам