Орост тавьсан олон улсын эдийн засгийн хоригууд Оросын баячууд, олигархуудад нөлөөлөөгүй бололтой. 2018 оны эхний хагасын байдлаар АНУ-ын сангийн яамнаас нэг тэрбум ам.доллараас дээш орлого олсон Оросын 96 олигархын нэрийг зарлажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын засаг захиргаа Орост 2016 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх шалтгаанаар бизнес болон улс төрд хамааралтай хүмүүст хориг арга хэмжээ авсан юм. Гэтэл он гарснаас хойш бизнесийн таагүй уур амьсгалыг үл харгалзан Оросын хамгийн баян 24 тэрбумтны 11 нь л гэхэд 10-аас дээш тэрбум ам.долларын хөрөнгө босгож чаджээ.
Бусад 13 тэрбумтнууд долоогоос дээш тэрбум ам.доллар олсон байна. 19 тэрбум долларын цэвэр хөрөнгөтэй Оросын хамгийн баян эрхэм ‘Новатэк’, ‘Сибур’ холдингийн хамтран эзэмшигч Леонид Михельсон 2.3 тэрбум долларын орлоготой ажиллажээ.
‘Лукойл’ компанийн Вагит Алекперов хоёроос дээш тэрбум, Eurochem компанийн хамгийн их хувьцаа эзэмшигч Андрей Мелниченко 1.56 тэрбум ам.доллар олжээ. Ямартай ч АНУ-ын хориг Оросын компаниудыг дампууруулж магадгүй гэгдэж байсан ч үгүй бололтой.
Гэхдээ эдийн засгийн хоригоос шалтгаалсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй ч Путиний найз гэгддэг хөрөнгө оруулагч Геннадий Тимченко Америкийн эдийн засгийн хоригоос болж хувийн нисдэг тэргээ зарах хүртэл хэмжээнд алдагдалтай ажилласан гэж мэдэгдэж байсан. Мөн Челси клубын эзэн Абрамовичийн хөрөнгө ч бас тодорхой хэмжээгээр унасан. Супермаркетын магнат Сергей Галицкы гэхэд нэг тэрбум, томоохон төмөрлөгийн үйлдвэрийн эзэн Виктор Вексельберг ч адил нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан гэжээ.