Баянхонгор аймгийн Заг сумын нутгийн иргэд болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтран өнөөдөр /2018.07.04/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд Заг сумын Эх Булаг гэх газарт “Централ Эшиа Майнинг “ ХХК нь ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч алт ухах гэж байгаа талаар хэллээ.
нутгийн иргэд танд хонь мал өгье, насаар чинь идэх махаар хангая гэсэн
Энэ талаар Ардын заргын товчоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатар ийн ярив. Тэрбээр “Заг сумын Эх Булаг хэмээх газарт “Централ Эшиа Майнинг “ ХХК нь алт ухна гэж хоёр жил ноцолдож байна. Нутгийн иргэд хоёр жил тэмцэхдээ төрийн бүх шатны байгууллагад хандсан. Харамсалтай нь хууль бус үйлдлүүдээ хууль ёсны мэт харагдуулж бичиг баримт бүрдүүлж “Централ Эшиа Майнинг3 компани алт ухахаар улайран дайрсаар байна. Нутгийн иргэдийн амь тавин хамгаалаад байгаа Эх булаг гэдэг газар хөрсөн дороо мөсөн голтой газар. Энэхүү мөст голоос олон жижиг гол горхи үүсэн Заг, Байдрагийн гол бий болсон төдийгүй Бөөнцагаан нуурыг тэжээн тэтгэдэг. Загийн голын хажууд Байдрагийн голын эхийг ухсанаас болоод ус нь ширгээд мал бэлчих бэлчээргүй болсон. Малчид голоо дагаж л амьдарч байна.
Хэн гэдэг хүн алт ухахаар улайран дайраад байна вэ гэж судлаад үзлээ. Олон түмэн түүнийг сахал Д.Эрдэнэбилэг гэдгээр нь сайн мэддэг. Д.Эрдэнэбилэг гэж шунал нь дийлддэггүй нэг эрхэм байна. Удам судрыг нь хөөгөөд үзэхээр Баянхонгор аймгийн хүн.Түүнд хандаж хэлэхэд “Загийн голын эхийг битгий ухаач. Хэрэв танд мөнгө хэрэгтэй байгаа бол нутгийн иргэд танд хонь мал өгье насаар чинь идэх махаар хангая. Загийн голын эхийг ухуулахгүйн тулд нутгийн малчин иргэд бид ясаа цайтал тэмцэнэ гэдгээ хэлье” гэв.
ан амьтан харангадах , өвс ургамал сөнөх аюул нүүрлээд байна
Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин “ Баянхонгор сумын иргэдийн хүсэлтээр Заг суманд очиж ажилласан. Газар дээр нь очиж ажиллахад нутгийн иргэд бухимдалтай бараг уух усныхаа төлөө буу зэвсэг барьж тэмцэх хэмжээнд хүрсэн байсан. Төрийн байгууллагын зүгээс “Централ Эшиа Майнинг” компани нь “Алт 2” хөтөлбөрт хамрагдсан тийм учраас олборлолт хийх нь зөв хэмээн нутгийн иргэдийг дарамталсан. Мөнх цэвдэгт уул, хөндий мөсөн голтой газарт ашигт малтмал ашиглах битгий хэл хайхыг хүртэл хориглодог. Мөн тухайн ашиглалтын талбайд эцэг өвгөдийн булш бунхан,хиргисүүр байдаг. Соёлын өвийн тухай хуульд ашигт малтмал хайхыг мөн л хориглодог. Гэтэл ийм том зөрчлүүд байсаар байхад бичиг баримтаа бүрдүүлж авсан байдаг нь төрийн байгууллагуудын ялзарч, худалдагдсан байгаагийн тод жишээ. Мөсөн голоосоо тэжээгддэг, байгалийн үзэсгэлэнт газрыг ухуулахыг манай байгууллага эсэргүүцэж цаашдаа тэмцэнэ. “Централ Эшиа Майнинг “ компанийн зүгээс зөвшөөрөл авахын тулд аймагт 400 сая төгрөг,сумд 200 сая төгрөг, багт 100 сая төгрөг амласан. Бидэнд мөнгөнөөс илүү хүн уух, мал ундаалах ус л хэрэгтэй.Дөрвөн сумын олон зуун айлын уух ус,ундаалах малаас гадна байгаль дэлхийн ан амьтан харангадах , өвс ургамал сөнөх аюул нүүрлээд байна” гэв.
Нутгийн иргэд буу бариад тэмцэхэд ч бэлэн байгаа
Заг сумын иргэдийн хурлын дарга Т.Нямжаргал “Д.Эрдэнэбилэгийн амьдралынх нь боломж бололцоо муу хоосон хонох гээд байгаа бол малчид мал өгье устайгаа үлдье гэсэн саналыг нутгийн иргэд тавьж байна. Эх булгаас гарч байгаа ус нь газрынхаа хэвлийгээр Загийн голыг тэтгэдэг. 15-16 метрийн гүнд гүний цэвэр устай. Ийм байгалийн өвөрмөц тогтолцоотой газарт алт олборлохыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Нутгийн иргэд буу бариад тэмцэхэд ч бэлэн байгаа”
“Централ Эшиа Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Занданшатар тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг холбогдох эрх бүхий газруудад хүргэсэн ч компани алт ухна гэж дайрсаар байгаа гэдгийг тэд ярилаа.
Э.Бурам