Бэлгийн цөөнхийн талаарх буруу хандлагыг засах нь чухал

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

Бэлгийн цөөнхийн талаарх буруу хандлагыг засах нь чухал

Бэлгийн цөөнхийн талаарх буруу хандлагыг засах нь чухал

Эмч мэргэжилтнүүдийн дунд “Эрхэд суурилсан эрүүл мэнд” сэдэвт бэлгийн цөөнхийн эрүүл мэндийн талаарх олон улсын чуулга уулзалт Чингис зочид буудалд болж байна. Энэхүү чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр лекц, хэлэлцүүлэг маягаар зургаан хэсэг үйл ажиллагаа явагдаж илүү мэдээлэл түгээх байна. Хоёр дох өдөр нь эмч мэргэжилтнүүд эдгээр хүмүүстэй хэрхэн яаж ажиллах талаар илүү практик сургалт болох юм.Уулзалтаар ЛГБТ  /Лесби, Гей, Бисексуал, Трансжендер / хүмүүсийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн ёс зүй, үйлчилгээний хандлага, чадварыг дээшлүүлэх, ЛГБТ хүмүүсийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Олон улсаас таван орны эмч мэргэжилтнүүд энэхүү чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • Ази номхон далайн бүсийн  ЛГБТ олон нийт, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хүндлэх нь тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хүчин зүйлс болох тухай
  • Бэлгийн мөн чанар, хүйсийн баримжаа болон хөгжлийн бэрхшээл гэх мэт ялгаварлан гадуурхагдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх, хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг хэлэлцэх, төрд хүргүүлэх
  • НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын “хэнийг ч орхигдуулахгүй” зарчмыг Ази номхон далайн бүсийн дунд болон дундаас доогуур орлоготой орнуудын хувьд хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм байна

ЛГБТ төвийн эрүүл мэнд хариуцсан менежер Г. Доржжанцантай ярилцлаа. 

-Өнөөдрийн болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл өгөөч?

-“Эрхэд суурилсан эрүүл мэнд” олон улсын цөөнхийн эрүүл мэндийн чуулганаар ялгаварлан гадуурхдаг цөөнх, түүнээсээ болоод эрүүл мэндийн үндсэн эрх нь зөрчигддөг эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн чуулганд Ази номхон далайн орнууд, Америк, Европ тивийн мэргэжилтнүүд оролцож олон улсын туршлага чадамжийг Монголын эмч мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой. Манай улсын эмч нар цөөнх бүлгийн хүмүүстэй хэрхэн харилцах, энэ хүмүүсийн эрүүл мэндийн ялгаатай хэрэгцээ юу байдаг, нийгэмд ялгаварлан гадуурхалтаас болоод тухайн хүмүүсийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг талаар одоогийн байдлаар төдийлөн сайн ойлголт байхгүй. Тэр тусмаа цөөнх гэж яригддаг ЛГБТ хүмүүсийн эрүүл мэндийн шаардлага хэрэгцээг нь ойлгодоггүй учраас эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа юм. Тийм учраас Австрали улсын Сидней, Мелбурн хотуудын анагаахын их сургууль мөн Их британи Лайстын их сургууль, Ази номхон далайн трансжендер холбоо, Австралийн эмэгтэйчүүдийн Рояал эмнэлэг зэрэг долоон газраас эмч мэргэжилтнүүдийг авчирч Монголынхоо эмч нарт олон улсын туршлага, эдгээр  хүмүүстэй хэрхэн яаж ажилладаг юм, хандлага чадварыг хэрхэн нэмэгдүүлэх бэ гэсэн зорилготой энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.

-Монголд бэлгийн цөөнх хэд орчим хүн байдаг бэ?

-Монголд яг тэд байна гэсэн нарийн тоо гаргах боломжгүй, яагаад гэвэл  нарийн статистик мэдээлэл байхгүй. Мөн манай төрийн бус байгууллагын зүгээс улс орон даяар тооллого хийх боломжгүй юм. Хүн амын тооллогын үед статистикийн газрын асуултад  ЛГБТ асуултыг оруулахад тухайн хүн хариулах уу гэдэг нь эргэлзээтэй юм. Ялгаварлан гадуурхалт их байгаа өнөөгийн нөхцөлд  ЛГБТ хүмүүсийн яг нарийн тоог гаргах боломжгүй юм. Ерөнхийдөө улс орнуудад харилцан адилгүй байдаг. Нийт хүн амын 10-аас доош хувийг эзэлж байгаа.

-Ер нь ЛГБТ хүмүүсийн зөрчигдөж байгаа эрхийг хамгаалахад юу чухал вэ?

-Энэ чуулга уулзалт Монголд төдийгүй, Зүүн хойд азийн бүсэд анх удаагаа болж байгаа чуулга уулзалт. ЛГБТ төв 2009 онд байгуулагдсан, Монголын нийгмийн бүхий л салбарт эрх нь зөрчигдсөн ийм хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Өнөөдрийн чуулга уулзалт эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажил. Бид боловсрол болон хууль эрх зүйн салбарт мөн үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд хүний эрхийн асуудал, ялангуяа  цөөнхийн эрхийн асуудал нийлээн сайжирч байгаа. Бүрэн төгс болоогүй байгаа ч Азийн бусад орнуудын хувьд хамаагүй сайжирсан. Дараагийн хийгдэх ажил бол төрийн албан хаагчдыг чадвахжуулах сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. Буруу хандлагыг засах нь хамгийн чухал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж