Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын хүрээнд олон нийтэд зориулан Сүхбаатарын талбайд дэлгэж буй Олон улсын үзэсгэлэнг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр нээлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг гамшгийн эрсдэлийг бууруулахад хэрхэн ашиглаж байгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын олсон амжилт, Ази Номхон далайн бүс нутгийн улс орнуудын түүх, соёл, уламжлал, хөгжил зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцоход оршиж байгаа юм” гээд, “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлагууд миний анхаарлыг их татлаа” хэмээн онцлов.
Үзэсгэлэнг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа өөрсдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын нийслэлийн төв цэг болох их жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцогч 50 гаруй улсын 3000 шахам төлөөлөгч үзэж сонирхохоос гадна Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн иргэд, гадаад дотоодын жуулчид ирж танилцан та бүхний амжилт бүтээл, шинэлэг санаа, шилдэг шийдэл, сайн туршлагыг өөрсдийн амьдрал ахуй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудын олон байгууллага, иргэдийн хооронд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, техник технологи, бизнесийн болоод ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид өргөжин хөгжих болно гэдэгт миний бие итгэж байна. Та бүхэн нүүдэлчний болон орчин үеийн суурин амьдралын хэв маягийг хослуулан амьдардаг монгол түмний ахуй амьдрал, ёс заншил, түүх, уламжлал, байгалийн хосгүй сайхныг харуулсан аялал жуулчлал, Монгол үндэстний цэнгэл болсон баяр наадмын мэдээлэлтэй танилцаж, Монголын сайхан орноор аялаарай” хэмээлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Холбоотой мэдээ