Элсэлтийн ерөнхий шалгалтыг (ЭЕШ) энэ жил 43846 сурагч өгсөн. Мөн ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалт долдугаар сарын 1-нд www.eec.mn цахим хуудаснаа нийтлэгдэж, шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан нэвтэрснээр өөрсдийн дүн оноог мэдэх боломж нээгдсэн билээ. Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэх шалгалтын босго оноог нэмэгдүүлж 480 болгосноороо онцлог. Шалгуулагчдын хэд нь босго оноонд хүрсэн, мөн хэд нь 800 оноо авсан талаар Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ)-ийн Элсэлт болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Манайхаас энэ талаарх нэгдсэн мэдээллийг гаргаагүй байна. Мэдээлэл наймдугаар сард бэлэн болно” гэлээ. Шинэ оюутнууд маань ямар сургуульд орохоо хараахан шийдэж амжаагүй байж болох. Тэдний сонголтод тус болох дараах мэдээллийг бэлтгэлээ. Төрийн өмчийн зарим их сургуулийн бүртгэл дуусч, хуваарь олгоод эхэлсэн байна.
Монгол Улсын их сургууль
МУИС-ын бүртгэл орон даяар зөвхөн цахим хэлбэрээр явагдсан. Тухайлбал, тус сургуулийн бүртгэл зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 2-нд болсон юм. МУИС-ын бүртгэл өндөрлөсөн бөгөөд хуваариа олгоод эхэлжээ. Тус сургуультай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Энэ жил тус сургууль 5000 оюутан элсүүлэх аж. Харин Японтой хамтран машин үйлдвэрлэлийн технологич бэлтгэх “2+2” хөтөлбөрт хамрагдах оюутанд ЭЕШ-ын оноогоор дээгүүр жагссан байхаас гадна эссэ бичлэгийн шалгуур тавьж байгаа юм байна. ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь бүртгэл энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд долдугаар сарын 4-ний 18.00 цагт хаагдана. Орон нутгаас элсэгчдийг долдугаар сарын 1-6-нд аймгийн төвүүд дээр Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс хүлээн авч бүртгэх юм байна. Бүртгэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
АШУҮИС-ийн Улаанбаатар дахь бүртгэл долдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд мөн сарын 5-ны 17.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр явагдах аж. Харин орон нутгаас элсэгчдийг долдугаар сарын 1-6-нд аймгийн төвүүд дээр Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисс хүлээн авах ажээ. Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Соёл урлагийн их сургууль
СУИС-ийн Улаанбаатар дахь бүртгэл долдугаар сарын 1-4-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн долдугаар сарын 4-нөөс элсэгчдээс ур чадварын шалгалт авч эхлэх ажээ.
Орон нутгаас бүртгүүлэх оюунтан долдугаар сарын 1-6-нд аймгийн төв дэх Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисст бүртгүүлж болох ажээ. Харин ур чадварын шалгалт өгөх шаардлагатай бол заавал сургууль дээр ирж бүртгүүлэх шаардлагатай юм байна. Тус сургуулийн бүртгэл, шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Монгол Улсын боловсролын их сургууль
МУБИС Улаанбаатар хотоос элсэгчийг долдугаар сарын 1-4-нд бүртгэх юм байна. Харин орон нутгаас элсэгчдийг долдугаар сарын 1-6-нд тухайн аймгийн төвд байрлах Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисст хүлээн авах юм байна. Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Хөдөө аж ахуйн их сургууль
Газар тариалан, мал, аж ахуй, байгаль орчин, газрын харилцаа, аялал жуулчлалын чиглэлээр суралцахыг хүсэгчдэд зориулсан тус сургуулийн бүртгэл энэ сарын 2-9-нд явагдах аж. Тус сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аван уу.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
ҮБХИС нь Улаанбаатар болон, Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгаас элсэгчийг цахимаар бүртгэх юм байна. Бүртгэл зургадугаар сарын 25-нд эхэлж долдугаар сарын 3-нд дуусчээ. Харин бусад орон нутгаас элсэгчдийг энэ сарын 1-6-нд аймгийн төв дээр Монголын их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комисст бүртгэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Р.Ренчиндулам