УИХ-ын бүрэн эрхийнхээ тал хугацааг үдээд байна. Өнгөрсөн хаврын чуулганаар М.Энхболдын парламент ямар ажил амжуулсныг хоёр намын бүлгийнхэн юу гэж дүгнэж байгааг “VS” буландаа онцолж байна.
Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн
Засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын өөрчлөлтүүд хийж явна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан. Энэхүү чиглэлээр олон жил хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг хаврын чуулганаар гаргасан. Тавантолгой ордын тодорхой хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, дэд бүтцийн ажлуудаа хийх, барих шийдвэрүүдийг гаргасан. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах юм бол эдийн засгийн 13 хувьд хүрэх, төсвийн орлого нэмэгдэх боломжууд байна. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоол гаргаж, нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох шийдвэр УИХ-аас гаргасан. Цаашид төсвийн орлого нэмэгдвэл хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно.
Банкны салбарын багц хууль, Мөнгөний бодлого боловсруулж, зээлийн хүүг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж байна. Мөн хаврын чуулганаар Улсын бүртгэлийн тухай хууль баталсан. Энэ хууль нь маш чухал хуулийн төсөл юм. Монголын төр ард иргэдээсээ өөрт байгаа мэдээллээ нэхдэг байсан түүнийгээ больж, цахим хэлбэрт шилжиж байгаа нь давуу тал. Хаврын чуулганаар баталсан бас нэг онцлох хууль бол Багшийн хөгжлийн тухай хууль. Энэ хууль багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжих, багш нарын цалинг үр дүнгээр нь олгох, нийгмийн баталгаа нь сайжрах, байгууллага, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжихэд хоёр хүртэл хувьсах зардал олгох, бага ангийн багш нар болон цэцэрлэгийн багш нар туслах багштай болох эрх зүйн орчнуудыг нээсэн. Мөн багш нарын багшлах эрхийн шалгалтыг хассан зэрэг боломжуудыг олгосон.
Д.Эрдэнэбат
УИХ-ын гишүүн
Ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, 5800 ажлын байр бий болж, экспортын орлого 2.5 тэрбум ам.доллар, татварын орлого 400 саяас 1.2 тэрбум ам.доллараар өсөх юм байна. Энэ бол МАН-ын шинэ амлалт гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд МАН-ын 2016 оны сонгуулийн амлалт огт хэрэгжээгүй. Одоо ард түмэн тэднээс юу ч хүлээхээ больсон. Одоо Тавантолгойгоор хоёр дахь том амлалтаа өглөө. Бид үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах болно. Хүүхдийн мөнгийг олгохдоо ОУВС-гийн шаардлагаар нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор тогтоосон. АН-ын бүлэг хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр 100 хувь олгох ёстой гэсэн бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хүүхдийн мөнгийг улс төржүүлж болохгүй гэдгийг бид онцлон хэлж байгаа. 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тал дээр АН-ын бүлэг зайлшгүй ажиллах ёстой гэж харж байгаа. Намрын чуулган аравдугаар сард эхэлнэ. Намрын чуулганаар бид АН-ын үзэл баримтлал, ардчиллыг шингээсэн нийгмийн болон эдийн засгийн, улстөрийн шинж чанартай бодлогын асуудлыг УИХ-д тавьж шаардахаас зэхэж байна. Бодлогын асуудлуудаа намрын чуулганаас өмнө боловсруулж гаргана. Ингээд 2020 он хүртэл улс орныг өөрчлөхөд ямар арга замаар явах ёстой вэ гэдгийг томоохон асуудлуудыг хөндөн гаргана.
Холбоотой мэдээ