ДАШТ: Англи, Швед шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.04-нд нийтлэгдсэн

ДАШТ: Англи, Швед шөвгийн наймд үлдлээ

ДАШТ: Англи, Швед шөвгийн наймд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр19 дэх өдрөө үргэлжлэн явагдлаа. Хасагдах шатанд үлдсэн 16 багаас зургаа нь шөвгийн наймд өрсөлдөх эрхээ аваадбайсан бол сүүлийн хоёр баг өнгөрсөн шөнө тодорлоо.Тоглолтын мэдээллийг хүргэе.


ШВЕД – ШВЕЙЦАРЬ 1:0

  • Гоол: Эмил Порсберг 66′

“Гэгээн Петрийн хот” буюу Санкт-Петербург хотын “Крестовкий” цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн 16-д учраа таарсан Швед болон Швейцарын шигшээ багуудын тоглолт боллоо.

Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлсэн бол Швейцарын шигшээ баг Е хэсгээс Бразилыг даган хэсгээсээ гарч хасагдах шатанд шалгарсан.

Хоёр баг нийт 27 удаа тоглоход Шведүүд 10 удаа ялалт байгуулж Швейцарь мөн 10 хожсон бол 7 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Эдгээр 27 тоглолтын тав нь дэлхийн аваргын тоглолт бөгөөд дэлхийн аваргын дэвжээн дээр Швед 3-2 харьцаатай тэргүүлдэг. Тэгвэл энэ удаа ч өрсөлдөгчөө 1:0-оор хожиж, шөвгийн наймд үлдлээ.

Тоглолтын 66 дахь минутад Шведийн хагас хамгаалагч Эмил Порсберг анхны гоолыг оруулж, багаа хожилд хүргэлээ.

Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгч дөрвөн минут сунгасан. Нэмэлт цагт Швейцарын хамгаалагч Ланыг улаан хуудсаар торгосон. Шведийн багаас торгуулийн цохилтыг хийсэн боловч хамгаалалтад орсноор 1:0-оор өндөрлөлөө.

Шведийн шигшээ баг бол дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан том багуудын нэг. Швейцарын шигшээ баг сүүлийн хоёр дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарсан ч цааш явж чадсангүй.


КОЛУМБ – АНГЛИ 1:1 (3:4)

Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт болох Өмнөд Америкийн төлөөлөл Колумб, Английн шигшээ багуудын хооронд боллоо. 

Колумб хэсгийн сүүлийн тоглолтод Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид хожигдож хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. 

Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 57 дахь минутад Английн багийн ахлагч, довтлогч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан. Кэйний хувьд ДАШТ-ий зургаа дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. 

Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгч таван минут сунгах үед Колумбын Мина гоол оруулснаар багийнхаа итгэлийг алдаагүй юм. Ингээд 1:1-ээр тэнцэж, нэмэлт 30 минут сунгахад аль аль нь гоол оруулж чадсангүй. Торгуулийн цохилтоор ялагч тодроход 4:3-аар Английн шигшээ баг хожиж, шөвгийн наймд үлдлээ. 

Английн шигшээ багаас Хэндерсон нэг гоол алдсан бол Колумбын Урибе, Басса нар гоол алдсан юм. 

Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтаа ахиулж чадсангүй. Том багуудаас мултарч харьцангуй гайгүй жигүүрт гарсан ч Колумб цааш тоглох эрхээ авч чадсангүй. 

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ. Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн нь дамжиггүй. Тэдэнд боломж бий. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж