Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй

Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Өнгөрөгч Баасан гаригт хаврын чуулган хаалтаа хийлээ. Чуулганы үр дүнгээс товчхон дурдвал?  

-УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу хуралдаж маш олон асуудлыг хэлэлцэж хуулийн хугацаандаа өндөрлөлөө. УИХ-ын даргын хаврын чуулганы хаалт дээр хэлсэн үгийг олон түмэн сонссон байх. Хаврын нэгдсэн чуулган 27 удаа хуралдаж, 181 асуудал хэлэлцсэн байгаа. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал байлаа. УИХ-ын гишүүд үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан гэж тодотгомоор байна. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох нөхцөлийг энэ хаврын чуулганаар хуульчилж өгч чадсан. Мөн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн томоохон түүхэн шийдвэрийг энэ хаврын чуулганаар гаргалаа. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Банкийг дахин хөрөнгөжүүлэх, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиудыг баталлаа. Энэ хуулийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл ‘Багшийн хөгжлийн төв’-ийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болж багш нарт ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлэхээр тусгасан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны сургалтын байгууллагын 55 мянга гаруй багшид энэ хууль хамааралтай. 

-Захиргааны хэргийн хуулийг өөрчилж Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах гээд байгааг мэргэжлийн хуульдчид ч эсэргүүцэж, Цэцэд хандаад байгаа. Энэ хуулийн талаар та  ямар байр суурьтай байна вэ?

 -Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийг манай бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй л дээ. Энэ хууль нь ардчиллын үнэт зүйлүүдээс ухарсан, олон хуультай зөрчилдсөн, олон түмний зүгээс бухимдал дагуулсан маргаантай хууль орж ирсэн.

Төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрийг хянахад 250 гаруй хуулийн хэрэгжилтийн дунд орхигдоод байсныг шийдвэрлэхээр 2004 онд Захиргааны хэргийн тухай хуулийг баталж, Захиргааны хэргийн шүүхийг байгуулж байсан. Гэтэл оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно. Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудлууд үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх хэрэгтэй. Улс төрчид хуулийн байгууллагынхныг хуулийн хүрээнд ажиллах боломжийг нь олгож өгөх ёстой гэж боддог.

-‘Эрдэнэс Тавантолгой’-н хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгоход юуг анхаарах ёстой вэ?

-Тавантолгойн орд бол дэлхийн хэмжээний том орд. Тийм учраас энэ баялгийг Монголын хөгжил дэвшилд, ард түмний сайн сайхан амьдралын үндэс болгох ёстой гэж ойлгож байгаа. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь сүүлийн найман жил улс төрийн хүрээний талцаж маргалдах сэдвийн нэг байсан. Энэ тогтоолыг баталснаар Тавантолгойн ордыг олон улсын зах зээл дээр IPO гаргаж Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн 1072 хувьцаа амь оруулах асуудлаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжлээ. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллаж IPO хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотнынхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулган эхлэхэд энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргаж үр дүнг танилцуулах байх гэж бодож байна.

Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр ‘Эрдэнэс Тавантолгой’-н хувьцааны 30 хувийг арилжаалахын тулд хэд хэдэн асуудлыг нарийвчлан тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар гаргасан шийдвэрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Хоёрдугаарт, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 30 хувийн IPO гаргахын тулд хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Гуравдугаарт, одоогийн байгаа ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг маш сайн боловсруулж дахин танилцуулах шаардлагатай. Энэ бүхнийг хариуцлагатай хийж байж өгөөжтэй, үр ашигтай төсөл болно. Ийм агуулгаар дэмжсэн. Мөн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр борлуулалт хийчихээд босгосон мөнгөөрөө яг юу хийх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Дэд бүтцийн салбаруудаа илүү бэхжүүлэхэд зориулна гэж ойлгож байгаа. Концессийн гэрээгээр баригдах болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж ил тод болгож олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Түүнчлэн усны нөөцийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарах ёстой. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглаж энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүйг анхаарах ёстой. Говь шиг ус багатай газар нүүрсээ илүү зарах гээд хамаг усаа шавхаад хүн нь уух ундны усгүй, мал нь бэлчих газаргүй, элсний нүүдэл, цөлжилтөд нэрвэгдэж байгаль экологийн тэнцвэрээ алдах вий гэдгээс болгоомжлох ёстой. Тийм учраас гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, илүү хурдтай, өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эрчим хүчний хувьд ус бага ашиглах, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр иновацийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

 -“Эрдэнэс Монгол” ХХК-ийн энгийн хувьцааны 34-өөс доошгүйг иргэдэд нэмж эзэмшүүлье гэдэг зарчмын саналыг АН-ын бүлгийн зүгээс гаргасан ч дэмжигдэлгүй унасан. Олонхын бүлэг ямар шалтгаанаар тус саналыг дэмжээгүй юм бэ?

-Засгийн газраас Тавантолгойн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлье гэж Засгийн газрын тогтоолын төслөөс өөр агуулгатай заалтыг нэмж оруулж ирсэн учраас УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. Тухайн оруулж ирсэн заалт нь эдийн засгийн бодит  тооцоо судалгаа хийгдээгүй байсан. Тавантолгойн бүлэг ордын 30 хувийг IPO хийж гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулснаар  иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах тухай асуудал яригдана.

-Тус саналыг дэмжээгүй нь “Эрдэнэс Монгол” компанийг ард түмнээсээ харамлалаа гэдэг байр суурийг АН-ын зүгээс илэрхийлж байсан л даа?

-“Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг стратегийн олон ордуудын 34 хувийг ард түмний нэрээр хувьчлах тухай ярьж, нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр хөнгөн гоомой шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Түүнээс биш ард түмнээсээ харамласандаа тус саналыг дэмжээгүй гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын үр дүнг цөөн хэдэн хүн хүртсэн. Тухайлбал, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг авсан иргэд маань өнөөдөр мөнгөө ч авч чадахгүй тухайн компани нь дампуураад байхгүй болчихсон, эсвэл хэсэг бүлэг хүн эзэн суусан ийм л хариуцлагагүй үзэгдэл бий болсон учир олон нийтийн дунд өмч хувьчлалын асуудлаар эргэлзээ бий болсон нь үнэн. Тиймээс өмч хувьчлалын асуудалд бид илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

-Төрийн өмчийн 27 ААН-ийг хувьчлах асуудал чуулган, байнгын хорооны хуралдаануудаар багагүй эсэргүүцэлтэй тулгараад хойшлогдлоо. Таны байр суурь ямар байв?

-1995 оноос хойш 2000 орчим аж ахуйн нэгжийг хувьчилж, хэсэг бүлэг хүмүүс төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан л гэж ард түмэн үздэг. Дээр хэлсэнчлэн, улсынхаа өмчийг бүх нийтээрээ хувааж авна гэсэн нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар болгоод өмчийн талаар ямар ч ойлголтгүй ард түмэнд тарааж өгсөн. Энэ тасалбаруудаа энд тэнд өгөх нь өгөөд сураггүй алга болгоцгоосон. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж  ажилгүйдэл, ядуурал бодитойгоор нүүрлэсэн. Баян ядуугийн ялгаа хоёр тийш туйл болсон, ард иргэд бухимдуу байгаа энэ үед өмч хувьчлалын асуудалд маш нухацтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлана, хэн ч хувьцаа худалдаж авах эрхтэй гэж байгаа ч нөгөө л хэсэг бүлэг олигархууд л авна гэсэн эргэлзээ байсаар байна. Жирийн иргэд өнөөдөр хувьцаа авах нь бүү хэл амьжиргаагаа залгуулах орлогогүй шахуу байна. Үүнээс гадна төрд үлдсэн цөөн хэдэн ААН-ийн асуудлыг багцаар нь нэг дор хэлэлцэнэ гэдэг нь буруу. Үл хөдлөх хөрөнгийн, бэлэн мөнгөний үнэлгээнүүдийг нь нарийвчлан хийлгээд, аж ахуйн нэгж тус  бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй. Мөн хувьчилж үл болох объектын жагсаалтаа эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ дахь МАН-ын 32-ын бүлгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа гэсэн шуум ордноор явж байна. Энэ үнэн үү?

-МАН-ын бүлэгт одоогоор бий болсон 32,33 гэсэн фракц бүлэглэл байхгүй ээ. 65 гишүүнтэй нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан  ярилцдаг л даа.

Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог. Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо.  УИХ-ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Тэгвэл та Засгийн газрын үйл ажиллагаанд  ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлуудыг хийж, төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжилж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан Олон улсын Валютын сангаас тавьсан хатуу заалтуудыг уян хатнаар зохицуулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгуулахаар боллоо. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч ярьж байна. 

-Хэнтий аймагт нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Танай нам бүлгийн хурлаараа хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ ярилцсан  болов уу?

-Одоогоор манай намын бүлэг энэ талаар яриагүй. Тухайн тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийнхээ судалгааг эхлээд явуулах байх. У.Хүрэлсүх даргын хувьд нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ намын бүлгийн хурал дээр мэдэгдсэн.

-Таны тойрогт 2018 оны төсөвт суулгуулсан бүтээн байгуулалтын ажлуудын явц хэр байна дэ? Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар ажлууд байгаа вэ?

-Манай тойрогт Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эх чиглэлийн зургаан хороо хамаардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй асуудлуудыг шийдвэрлүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн 2-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Мөн Ганц худгийн амнаас орж ирдэг үерийн усыг зайлуулах хамгаалалтын далангийн барилгын ажил эхлээд явж байна. Удахгүй 48-р сургуулийн спорт заалны барилгын ажил эхлэнэ. Мөн хотын даргад хүсэлт гаргаснаар замын арчилгаа, засвар, байрнуудын дээврийн засварын ажлууд, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна гэр хорооллуудад иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулахад нэн даруй шийдвэрлэх асуудал бол гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал. Мөн хорооны цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандаж санал, хүсэлтэй уламжилсан, удахгүй шийдэгдэх байх.

-Та сүүлийн үед  ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ? Хуралдаан, ажлын хэсэг гээд тэр бүр олдохгүй юм?

-Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Өргөн барихад бэлэн болж байна. Өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдийн саналыг авлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үнэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ болсон хууль байна гэдгийг харлаа. Цахим сүлжээгээр 1000 гаруй иргэд, байгууллагаас дэмжсэн санал ирсэн бол Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төсөлд өгөх саналаа томьёолоод бичээд ирсэн байсан нь үнэхээр ажил хэрэгч хандсаны илрэл гэж бодож байна. Мөн Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа.

-Тендерийн хуулийн ажлын хэсгээ хуралдуулсан уу, нэгдсэн чуулган дээр олон гишүүд санал хэлж байсан шүү дээ?

-Ажлын хэсгээ хуралдуулалгүй яахав. Бид хуралдаж зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлэн болсон. Олон гишүүд санал хэлсэн. Дутуу баригдаад орхигдсон барилга, чанаргүй баригдаад 1-2 жил болоод бүтэн засвар хийж байгаа барилгууд байна. Мөн гүйцэтгэлийн явцад үнэ асар их өсч байгаа гээд асуудлууд олон байна. Нэг зүйлийг хэлэхэд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль маань төсөв батлагдаад сонгон шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч сонгох хүртэлх ажлыг зохицуулдаг. Үүнээс цааших гүйцэтгэлийн чанар, хугацаа гээд бусад асуудал дээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу холбогдох төрийн байгууллагууд хяналт, үнэлгээ хийх асуудалд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр хэрхэн оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

Тухайлбал, хамгийн гол концепц нь юу вэ?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгч нарын дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан 2-оос дээш үйлдвэрлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.  Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Ингэснээр  цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын  гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Сэтгүүлч хүний хувьд таны хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрүүдийг анзаарч явдаг л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр таны нэр төрд  халдах явдал  гарч байгаа нь  хэсэг бүлэг хүний захиалгат дайралт яваад байна уу.  Та ямар нэгэн мэдээлэл, тайлбар хийхгүй юм уу?

-Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагуудад нь хандсан байгаа. Тэр бүрийн араас хөөцөлдөж тайлбар хийгээд явбал бодлого боловсруулах ажлаа хийх цаг гарахгүй. Ард түмнээ төлөөлөн сонгогдсон элчийн хувьд нийгмийн өмнө тулгамдсан, олон нийтийг бухимдуулсан, эрх ашгийг нь зөрчсөн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зүтгэж байна даа. Зарим асуудлыг шийдвэрлэснээр олонхын эрх ашгийг хамгаалдаг ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Гэсэн ч өөрийн байр сууриндаа баттай зогсч ирсэн маань сүүлийн үед цахим орчноор гүтгүүлэн доромжлуулах үндэс суурь болж байх шиг байна. Монголын ард түмний мэргэн ухаанд би итгэдэг. Хэдхэн хүний мөнгө төлж, захиалж явуулсан хуурамч мэдээлэлд иргэд, олон нийт итгэхээсээ илүүтэй бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт эргэлздэггүй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж