Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй

Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй

371. Энэ бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн тоо. Нийслэл хотод өглөө гэрээсээ гарсан хүн орой нь эсэн мэнд харина гэсэн баталгаа үнэндээ алга. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу жолооч, зам тээврийн осол зэргээс болж олон хүний амь нас эрсдэж байгааг хэн хүнгүй мэдэж буй.

11. Энэ тоо бол зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн тоо. Үүнээс гадна 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна. Өчигдөр /2018.07.02/ л гэхэд нийслэлд хотод зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутагт 22.00 цагийн үед  Бэлхийн зам,Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, долоон настай эмэгтэй  хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Нас барсан хүүхдүүд төрсөн ах дүүс байжээ. Хэрэг гардаг орой хүүхдүүд ааваасаа зайрмагны мөнгө аваад зам гарахдаа ийн осолд өртсөн байна.  Дүү нь газар дээрээ нас барсан бол ах нь түргэний машинд амьсгал  хураажээ. Осол гаргасан жолоочийн хувьд 23 настай бөгөөд өнгөрсөн жилийн өдийд жолооны үнэмлэхээ авч байсан гэнэ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө ““Өчигдөр орой тоосгоны эцсээс дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр  гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн.Тэгээд осол гарсан. Машинаасаа буугаад хүүхдүүдэд хиймэл амьсгаа хийх гэж оролдсон” гэжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан байна.  

Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутагт  Pruis маркийн автомашины жолооч нь  гарцтай газраар  зам хөндлөн гарч явсан  нэг нас арван сартай хүүхдийг, ээжийн нь  хамт мөргөж гэмтээжээ. Тэргэнд сууж явсан хүүхдийн бие хүнд байгаа аж. Тухайн үед жолооч согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан  гэнэ.

Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1-2 дугаар сард буурч 5-7, 9-10 дугаар саруудад өсдөг бөгөөд ослын бууралтыг сургуулийн хүүхдийн амралт эхэлж хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь багасдагтай холбон үзэж болно. Харин гаригаар нь авч үзвэл ихэнхдээ  даваа гаригаас, баасан гаригт  зам тээврийн осол ихээр бүртгэгддэг аж.

Уг нь хаа хаанаа дүрмээ баримтлаад, нэгнээ хүндэтгээд замын хөдөлгөөнд соёлтой оролцох юм бол гарч байгаа осол гэмтлийн тоо ч буурна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.  Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг тул жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж өгөх. Мөн  арав хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж