Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт болно. Шөнийн 02.00 цагаас Өмнөд Америкийн төлөөлөл Колумбын шигшээ баг Английн шигшээ багтай тоглох хуваарьтай. Колумб хэсгийн сүүлийн тоглолтондоо Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид хожигдож хэсгийн 2-р хасагдах шатанд шалгарсан. Ерөнхийдөө Англичууд бараг л санаатай хожигдож амьдралын жигүүрт гарсан гэхэд болно. Томчуудаас мултарч харьцангуй гайгүй жигүүрт гарсан ч Колумб хялбар өрсөлдөгч байж чадах болов уу?. Ямартаа ч цаасан дээрх үзүүлэлтийг харвал хоёр баг хоорондоо 5 удаа тоглоход Английн шигшээ баг 3 хожиж, 2 тэнцсэн байна.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Колумб: Д.Оспина, С.Ариас, Д.Санчес, Е.Мина, Й.Мохика, К.Санчес, М.Урибе, Х.Куадрадо, Х.Кинтеро, Л.Мурьель, Р.Фалькао
- Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуьер, К.Триппер, Д.Али, Ж.Хендерсон, Й.Лингард, Э.Янг, Р.Стерлинг, Х.Кейн
Өнөө шөнийн тоглолтонд Английн шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээрээ гарах магадлалтай байгаа бол Колумбын шигшээ багаас лидер Х.Родригес оролцохгүй. Энэ нь Английн шигшээ багт нэг том давуу талыг авчирч болох талтай. Г.Саутгейт Английн шигшээ багт гайхалтай өөрчлөлтийг авчирч амжилттай ажиллаж байгаа. Үүнийгээ ч өнгөрсөн тоглолтуудаараа хангалттай харуулаад байна. Яг өнөөдрийн Английн шигшээ багийн тоглолт тэднийг чимээгүйхэн хагас шигшээ цаашлаад шувтаргын шатанд хүргэх магадлал тун өндөр байгааг онцлох хэрэгтэй. Өнөөдөртөө бол Английн шигшээ баг ялалт байгуулах боломж маш өндөр юм.
Б.БЯМБАБАЯР