Зүлгэн гадаргуутай талбайн Их Дуулга болох Уимблидоны 2018 оны тэмцээн Лондон хотноо өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд С.Уилльямс, М.Шарапова, С.Халеп, К.Возняцки, А.Кербер болон Г.Мугуруза нарын шилдгүүд өрсөлдөж байгаа. Ингээд Уимблидоны эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй шилдгүүдээс цомын төлөө өрсөлдөх магадлал өндөртэй теннисчдийг таницуулъя.
Петра Квитова: Чех бүсгүй П.Квитова бол энэ удаагийн тэмцээнд оролцож буй 124 теннисчдээс Уимблидоны цомыг хүртэж үзсэн 5 теннисчний нэг юм. Тэрбээр 2011 онд Оросын М.Шараповаг, 2014 онд Канадын Е.Бучардыг тус тус хожиж Уимблидоны аварга болж байсан. П.Квитовагийн ганц сул тал бол маш тогтворгүй тоглолт үзүүлдэг. 2006 оноос хойш мэргэжлийн карьераа эхлүүлсэн ч Их Дуулга тэмцээнд өрсөлдөхдөө ердөө 10 удаа л дунд шөвөг түүнээс дээш шалгарсан гэдэг бол чамлалттай үзүүлэлт юм.
Серена Уилльямс: Уимблидон төдийгүй мэргэжлийн талбайн теннисний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол С.Уилльямс юм. Тэрбээр 23 удаа Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн байдаг бөгөөд үүний 7 нь Уимблидоны цом байдаг. С.Уилльямсын нэг онцлог бол ямар ч талбайд хүчтэй өрсөлдөгч байж чаддагт оршиж байна. Түүнд мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд хүртэж үзээгүй цом байхгүй. Харин тэр өнгөрсөн жил анхны хүүхдээ төрүүлж багагүй хугацаанд талбайн гадна байсан бөгөөд энэ оны Францын Их дуулга тэмцээнд эргэн ирсэн. Америк бүсгүй Серенаг буулгаж авна гэдэг өрсөлдөгч нарынх нь хувьд хүнд даалгавар байдаг. Энэ удаа ч мөн адил хүнд байх нь дамжиггүй.
Габрине Мугуруза: Венесуэл гаралтай Испани бүсгүй Г.Муругуза өнгөрсөн оны Уимблидоны цомыг хүртсэн. Энэ удаа цомоо хамгаалагчийн дүрээр Уимблидонд ирсэн. 2017 оны Уимблидоны шувтрагын шатанд эгч Венус Уилльямсыг 7-5, 6-0 харьцаатай буулган авч өөрийн карьерынхаа 2 дахь Их дуулга тэмцээний цомыг хүртэж байсан. Энэ он гарсаар ердөө ганцхан тэмцээнд түрүүлсэн ч Уимблидоны гол фаворитуудын нэг байна.
Анжелика Кербер: Домогт теннисчин Ш.Графаас хойш Германаас гарч ирсэн шилдэг теннисчин бол А.Кербер юм. 30 настай Герман бүсгүй 2016 онд Австрали болон Америкийн Их Дуулга тэмцээнд түрүүлж Уимблидоны финалд шалгарч байсан. Харин өнгөрсөн улиралд чансааны 20-иос доош орж нэлээд уналтанд ороод байсан бол энэ он гарсаар хуучим формондоо бага багаар орж байна. Ямартаа ч дунд шөвөг хүртэл явах боломж Герман бүсгүйд бий.
Симона Халеп: Румын бүсгүй Их Дуулга тэмцээнд түрүүлж үзээгүй ч 2017 оны 10 сараас хойш тогтмол эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж байгаад өнгөрсөн тавдугаар сард болсон Францын Их Дуулга тэмцээнд түрүүлж анхныхаа Их Дуулгын цомыг хүртээд байна. С.Халеп бүр уналтанд орохгүй ч бас тийм ч цойлоод байх амжилт үзүүлдэггүй. Магадгүй сар гаруйн өмнө анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртсэн тул урам зориг дүүрэн Уимблидонд ирж байгаа болов уу? Чансааг тэргүүлж байгаа теннисчин хэзээ ч сул өрсөлдөгч байхгүй. Иймд Уимблидоны цомыг хүртэхэд гайхах зүйлгүй юм.
Каролине Возняцки: Дани бүсгүй К.Возняцки харьцангуй хожуу Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн болов уу?. К.Возняцки энэ оны эхний Их Дуулга болох Австралид түрүүлж карьерынхаа анхны Их Дуулгын цомоо хүртсэн. Дани бүсгүй К.Возняцки зүлгэн гадаргуутай талбайд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй гэсэн талбайн теннис сонирхогчдын амыг таглаж өнгөрсөн долоо хоногт болсон зүлгэн гадаргуутай талбайн Хатан хааны клубын АШТ-нд түрүүлсэн. Иймд Уимблидоны хүчтэй өрсөлдөгч байх магадлал түүнд бий.
Мэдисон Кэйс: Америк бүсгүй А.Кейс одоогоор ямар нэгэн Их Дуулга тэмцээний цомыг хүртэж чадаагүй л байна. Түүний Их Дуулга тэмцээнд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт бол 2017 оны Америкийн нээлттэй тэмцээний шувтрагын шатанд шалгарсан амжилт юм. Хэдий тийм ч М.Кэйс “хатуу самар”-нуудын нэг байж чаддаг.
Каролина Плишкова: Чех улсаас мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд дээгүүр өрсөлдөөн үзүүлж байгаа бүсгүйчүүдийн нэг бол К.Плишкова юм. Хэдийгээр Их Дуулга тэмцээний цомыг хүртэж үзээгүй ч эмэгтэй теннисчдийнхээ магнайд гарч чансааг тэргүүлж үзсэн теннисчин. Австрали, Франц, Америкийн их дуулга тэмцээнүүдэд дунд шөвөг хүртэл өрсөлдөөн үзүүлж чаддаг К.Плишкова зүлгэн гадаргуутай Уимблидонд 2-р шатыг давж үзээгүй. Харин одоо?
Мариа Шарапова: 17-хон насандаа Уимблидоны цомыг хүртэж байсан Орос бүсгүй М.Шарапова 2014 оноос хойш Их Дуулга тэмцээний цомыг хүртэж чадаагүй байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд сэргээшийн асуудлаас болж багагүй асуудалтай тулгарсан ч эргэн ирж чадсан. Энэ онд Францын Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгараад байгаа. Чацархаг Орос бүсгүй бас л амаргүй өрсөлдөгч байна. Харин чансааны 24-д байгаа М.Шараповад хэрвээ 3-р шатыг давж чадвал Чехийн П.Квитова эхний том шалгалт байх болов уу?
Дараагийн гол фаворитуудыг дурдвал:
- АНУ-ын Венус Уилльямс
- Их Британий Й.Конта
- Польшийн А.Радванска
Б.БЯМБАБАЯР