Н.Энхболд: Зэвсэгт хүчний салбарт ямар ч гэгээнтэн байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Н.Энхболд: Зэвсэгт хүчний салбарт ямар ч гэгээнтэн байхгүй

Н.Энхболд: Зэвсэгт хүчний салбарт ямар ч гэгээнтэн байхгүй

Цагдаагийн байгууллага хутагттай болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тухайн хүнийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар ажилд орсон гэх мэдээлэл ч гараад байсан юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодрууллаа.


-Олон нийтийн сүлжээгээр хууль, хүчний байгууллага хутагттай болсон. Тэр хүнийг нь Батлан хамгаалахын сайд томилсон гэх мэдээлэл гараад байгаа?

-Тийм мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байхыг харлаа. Ер нь бол төр, шашны хэрэг хуулиар тогтоогдсон заагтай, тусдаа асуудал. Яагаад гэвэл төрийн албанд хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилд ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй, зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу өөрийнхөө үзэл бодлоор байр суурь, итгэл үнэмшилд нөлөөлөх ёсгүй. Зөвхөн төрийн албаны хууль дүрмийн дагуу олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангах асуудал дээр хувь хүний үзэл бодол, байр суурь байж болохгүй. Тиймээс ч тусгай тангараг өргөж, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай журмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас төр, шашны үйл ажиллагаа тусдаа байна гэж заасан байдаг. Манай яамны зүгээс асуудалд яг ийм өнцгөөр, төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Албан ёсоор хэлэхэд “Монгол Улсын хэрэг эрхлэх газрын гэгээнтэн” гэж нэрлээд байгаа зүйл огт байхгүй. Шашин бол дотроо олон урсгалтай. Түүнээс төрийн алба ангид байх ёстой. Ер нь зүгээр бүх цэргийн хар сүлд тахих зэрэг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа явуулж, түүнд нь лам хувраг сан тавих, ерөөл айлдах нэг удаагийн арга хэмжээнүүд хийдэг. Энэ нь монголчуудын ёс заншил, сэтгэлгээтэй холбоотой байдаг. Түүнээс цэргийн байгууллага зохион байгуулалттай, тушаалаар ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Энэ гарсан асуудлаар Завхан аймгийн нэг цэргийн ангид сан тавих нэрээр очиж, хувь хүмүүс өөрийн итгэл үнэмшлээр оролцсон. Зэвсэгт хүчний байгууллагын зүгээс тушаал аваад оролцсон зүйл байхгүй.

-ШХАБ-д элсэх асуудал яригдах үеэр их хэмжээний зэвсэг оруулж ирэх гэж байна гэх яриа гараад байна. Яагаад ийм яриа гарах болов?

-Нийгмийн сүлжээгээр тийм мэдээлэл явсан байна лээ. Монгол Улс өнөөдөр зэвсэгт хүчинтэй, батлан хамгаалах байгууллагатай байхыг Үндсэн хуулиар заасан. Энэ үүргийн биелүүлэх гэж Зэвсэгт хүчин, батлах хамгаалах яам байдаг. Энэ хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн болоод цэрэг техникийн хамтын ажиллагаа явуулдаг. Цэргийн хамтын ажиллагаа гэдэг бол боловсон хүчин солилцох, цэргийн хамтын ажиллагаа явуулдаг, хамтарсан дадлага хийх, цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд зэвсэг техник нийлүүлэх, худалдах, солилцох, буцалтгүй тусламж олгох асуудлыг зохицуулсан гэрээ хэлэлцээрүүд албан ёсны байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс хоёр хөршөөс гадна гуравдагч орнуудтай цэрэг, техникийн хамтын ажиллагааны албан ёсны хэлэлцээртэй. ОХУ-тай гэхэд цэрэг, техникийн хамтын ажиллагаа 1990-ээд оны үед саармагжаад 2000 оноос сэргэж, яригдаж эхэлсэн. 2005 оноос эхлэн цэрэг, техникийн хамтын ажиллагаа явуулах хүсэлтийг Монголын Засгийн газар тавьж, хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр жил бүр сунгагддаг байсан ч 2015 оноос хойш хэсэг хугацаанд зогссон байсан. Би сайд болсноос хойш цэрэг, техникийн хамтын ажиллагаатай байгууллагуудтай үйл ажиллагаагаа сэргээх, айлчлал хийсэн. Тухайлбал, ОХУ-тай хийсэн гэрээний үйлчилгээг сэргээсэн. БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр мөн гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улсаас цэргийн шаардлагатай техник, хэрэгсэл болон бусад хэрэгцээтэй зүйлсийг буцалтгүй тусламжаар болон худалдаж авч болох албан ёсны эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд ОХУ-ын Цэрэг, техникийн холбооны албатай гэрээ хэлэлцээр хийж, Монголд хэрэгтэй байгаа зэвсэг, техникийн эд хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад зүйлсийг буцалтгүй тусламжаар авах яриа, хэлэлцээр хийгдэж байгаа. Сая албан ёсоор гарын үсэг зурж, цэрэг техникийн хамтын ажиллагааг нэг жилээр сунгасан.

Орчин үеийн батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагаа явуулж буй арга хэлбэр өөрчлөгдөж, түүнд хэрэглэдэг зэвсэг нь өөрчлөгдсөн. Манайд байгаа зэвсэг, техник 20-р зууны үеийнх байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тийм тооны тийм зэвсэг  авна гэсэн тоо, нэр ус яриагүй байгаа, цаашид ярина. Яриа хэлэлцээр хамтын ажиллагаатай улс орнууд маань Монголын талын саналыг харгалзаж, ярилцаж шийдвэрээ гаргана гэсэн шатанд явж байгаа. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр явж байсан тоонуудыг хараад цэрэг, техникийн хамтын ажиллагаатай улс орнууд ийм хэмжээний үнэтэй, зэвсэг, техник өгвөл сайхан  л байна даа  гэж бодож суулаа. Өнөөдөртөө зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар маш нарийн мэдээлэл, илтгэл ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-өөс зөвлөмж гарч, УИХ-д нууц илтгэл мэдээллээ хийх байсан ч амжсангүй. Ирэх намрын чуулганаар тавьж, 2019 оны төсөв батлагдахаас өмнө шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулах шаардлагатай байгаа. Цэрэг, зэвсэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбартай байгууллага асуудлаа тэр бүр нээлттэй,  ил тод яриад байх боломжгүй. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд ойлгуулахгүйгээр тодорхой арга хэмжээ авахгүй бол ноцтой байдалтай байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмж ч гэсэн энэ чиглэлээр Засгийн газар, салбарынхан, иргэд хүртэл юу хийх ёстойг тусгасан. Үүний дагуу төсвийн асуудлаар, зарим хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намрын чуулганаар идэвхтэй ярина.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж