ОХУ-ын “Ангара” авиакомпани Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн анхны нислэгээ өнөөдөр /2018.07.03/ гүйцэтгэжээ.
Тус компани энэхүү шинэ чиглэлдээ “Антонов-148-100” агаарын хөлөгөөр долоо хоног бүрийн мягмар, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэхээр болж байгаа юм.
ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Антонов-148-100” агаарын хөлөг нь 70 хүний суудалтай. Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээр нь 60-аад зорчигч үйлчлүүлжээ.
“Ангара” авиа компанийн Худалдааны хэлтсийн дарга Мясников Дмитрий Алексеевич хэлэхдээ “Оросоос Монгол руу зорчих зорчигчдын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн аялал, жуулчлал хөгжиж байгаа энэ үед Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд манай компани нислэг үйлдэхээр болсон нь зорчигч, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн цаашид зорчигчдын урсгалаас хамаарч агаарын хөлөгөө томсгох боломжтой хэмээн мэдэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улаабаатараас эхлэлтэй Эрхүү чиглэлд Монголоос “Аэромонголиа” авиа компани даваа, лхагва, баасан, бямба, ням гаригуудад нислэг үйлдэж байгаа аж.
Г.ХОРОЛ