“Гэгээн Петрийн хот” буюу Санкт-Петербург хотын “Крестовкий” цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн 16-д учраа таарсан Швед болон Швейцарын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 22.00 цагт болно. Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлсэн бол Швейцарын шигшээ баг Е хэсгээс Бразилыг даган хэсгээсээ гарч хасагдах шатанд шалгарсан. Хоёр баг өнөөдөр шийдвэрлэх тоглолтоо хийх бөгөөд хожсон нь дунд шөвөгт шалгарна. Хоёр баг нийт 27 удаа тоглоход Шведүүд 10 удаа ялалт байгуулж Швейцар мөн 10 хожсон бол 7 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Эдгээр 27 тоглолтын 5 нь дэлхийн аваргын тоглолт бөгөөд дэлхийн аваргын дэвжээн дээр Швед 3-2 харьцаатай тэргүүлдэг. Шведийн шигшээ баг бол дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бол Швейцарын шигшээ баг сүүлийн 2 дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарч байгаа нь энэ ажээ.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Швед: Р.Ольсен, М.Лустиг, В.Линделёф, А.Гранквист, Л.Аугустинссон, В.Классон, Г.Свенссон, А.Экдаль, Е.Форсберг, М.Берг, У.Тойвонен
- Швейцар: Я.Зоммер, М.Ланг, Й.Журу, М.Аканжи, Р.Родригес, В.Бехрами, Г.Жака, Ж.Шакири, Б.Жемайли, С.Цубер, Л.Дрмич
Өнөөдрийн тоглолтонд Шведийн багаас С.Ларссон оролцох боломжгүй болсон. Түүний оронд Г.Свенссон гараанд гарч магадгүй байгаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч Швейцарын шигшээ багаас ахлагч С.Лихтштайнер болон Ф.Шер нар оролцох боломжгүй болсон байна. Тэдний эзгүйд Й.Журу болон М.Ланг нар өнөөдрийн тоглолтонд гараанаас гарах ажээ. Энэ тоглолт цаг сунгах, магадгүй пеналтаар шийдэгдэх магадлал харьцангуй өндөр юм.
колумби – англи
Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт болно. Шөнийн 02.00 цагаас Өмнөд Америкийн төлөөлөл Колумбын шигшээ баг Английн шигшээ багтай тоглох хуваарьтай. Колумби хэсгийн сүүлийн тоглолтондоо Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид хожигдож хэсгийн 2-р хасагдах шатанд шалгарсан. Ерөнхийдөө Англичууд бараг л санаатай хожигдож амьдралын жигүүрт гарсан гэхэд болно. Томчуудаас мултарч харьцангуй гайгүй жигүүрт гарсан ч Колумби хялбар өрсөлдөгч байж чадах болов уу? Ямартаа ч цаасан дээрх үзүүлэлтийг харвал хоёр баг хоорондоо 5 удаа тоглоход Английн шигшээ баг 3 хожиж, 2 тэнцсэн байна.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Колумби: Д.Оспина, С.Ариас, Д.Санчес, Е.Мина, Й.Мохика, К.Санчес, М.Урибе, Х.Куадрадо, Х.Кинтеро, Л.Мурьель, Р.Фалькао
- Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуьер, К.Триппер, Д.Али, Ж.Хендерсон, Й.Лингард, Э.Янг, Р.Стерлинг, Х.Кейн
Өнөө шөнийн тоглолтонд Английн шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээрээ гарах магадлалтай байгаа бол Колумбын шигшээ багаас лидер Х.Родригес оролцохгүй. Энэ нь Английн шигшээ багт нэг том давуу талыг авчирч болох талтай. Г.Саутгейт Английн шигшээ баг багт гайхалтай өөрчлөлтийг авчирч амжилттай ажиллаж байгаа. Үүнийгээ ч өнгөрсөн тоглолтуудаараа хангалттай харуулаад байна. Яг өнөөдрийн Английн шигшээ багийн тоглолт тэднийг чимээгүйхэн хагас шигшээ цаашлаад шувтрагын шатанд хүргэх магадлал тун өндөр байгааг онцлох хэрэгтэй. Өнөөдөртөө бол Английн шигшээ баг ялалт байгуулах боломж маш өндөр юм.
Б.БЯМБАБАЯР