Зураач С.Заяасайхан эх орондоо хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ “Time Mashine” нэртэйгээр “Q Art” галерейд нээлээ. Үзэсгэлэн Зайсан дахь Белла виста хотхоны галерейд энэ сарын 5-ны өдөр хүртэл олны хүртээл болно.
Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан Япон Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд 2000 оноос хойш Ази, Европын 20 гаруй оронд нийтдээ 36 үзэсгэлэнгээ гаргажээ. Тухайлбал, Англи, Америк, Австрали, Япон, Хятад зэрэг улсад бүтээлийн үзэсгэлэнгээ олонд таниулжээ.
Тэрбээр 2012 онд Сан-Франциско хотод үзэгчдийн хүртээл болгосон “Талын баатрууд” нэртэй цуврал бүтээлүүд нь тухайн үедээ олны анхаарлыг ихээхэн татаж байсан аж.
Эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдэг. Түүний бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.
Ч.БОЛОР