УИХ-ын дарга, гишүүд, байнгын хороодод энэ хаврын чуулганы хугацаанд 7231 иргэнээс өргөдөл ирсэн байна. Үүний 1233 нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн бол 1120 нь хувийн асуудлаар ханджээ. Харин Өргөдлийн байнгын хороонд энэ хаврын чуулганаар 277 өргөдөл ирсний 237-г шийджээ.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Өргөдлийн байнгын хороонд хүсэлт ирүүлсэн иргэд, аж ахуйн өргөдлийг шийдвэрлэхийн төлөө ажилласан. Бид өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, долоон асуудлыг шийдвэрлэж, дөрвөн тогтоол гаргасан. Туул гол, Сэлбэ голыг хамгаалах, гол усны эх ундрагыг хамгаалах гээд байгаль орчныг хамгаалах ажлыг хийлээ. Хэлэлцүүлэг ч зохион байгууллаа. Өргөдлийн байнгын хорооноос Туул, Сэлбэ голыг хамгаалахаар ажилласны үр дүнд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 56 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Хууль зөрчиж, гол мөрний ундарга газруудад барилгын үйл ажиллагаа явуулж, хайрга, дайрга олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан. Туул, Сэлбэ голд амралт спортын цогцолбор барих ТЭЗҮ бэлэн болсон байна. Нийт 100-аад сая ам.долларын өртөгтэй. Гэхдээ эхний ээлжид 40-60 сая ам.долларын эх үүсвэрийг гаргавал Туул, Сэлбэ голын тодорхой хэсгүүддээ амралт, спортын цогцолбор барих нөхцөл бүрдсэн. Туул голын эргээр хайрга олборлож байсан. Тиймээс байнгын хорооноос 2016 оны сүүлээр тогтоол гаргаад гол мөрөн ундаргын газруудад хайрга, дайрга олборлохыг хориглосон.” гэсэн юм.