ДАШТ: Өнөөдрийн тоглолтын хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Өнөөдрийн тоглолтын хуваарь

ДАШТ: Өнөөдрийн тоглолтын хуваарь

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 19 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Хасагдах шатанд үлдсэн 16 багаас зургаа нь шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан. Өнөө шөнө хоёр тоглолт болох бөгөөд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


ШВЕД – ШВЕЙЦАРЬ

ШВЕД:

Герман, Мексик, Өмнөд Солонгосын шигшээ багтай “F” хэсэгт багтсан Шведүүд хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн. Германд хожигдсон ч сүүлийн тоглолтод Мексикийг 3:0-оор хожин хэсгээ тэргүүлэх болох Шведийн шигшээ багт гарсан юм. Энэ хэсгээс дэлхийн аварга цолоо хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг хасагдсан нь том дуулиан болсон. Том багийг гэрт нь хариулсан Шведийн шигшээ баг энэ боломжийг сайтар ашиглах нь чухал. Гэхдээ Орост ирэхийн тулд Итали, Нидерландыг ардаа оруулсан Шведийн шигшээ баг цааш онцгойроход гайхах зүйл байхгүй.

Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм.

ШВЕЙЦАРЬ:

Хэсгийн эхний тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразилтай тэнцэж, Сербийг хожсон швейцарьчууд энэ байдлаа хадгалж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Сүүлийн тоглолтод Коста-Рикатай тэнцээ хийж, гэрт нь буцаасан Швейцарийн шигшээ баг хасагдах шатанд Шведийн багтай учраа таараад байна.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн араас хасагдах шатанд шалгарсан швейцарьчууд энэ удаа бүхий л боломжоо ашиглах нь гарцаагүй. Анх удаа шигшээ багаа удирдан дэлхийн аваргад оролцож байгаа дасгалжуулагч Владимир Петковичийн хувьд өнөөдөр томоохон сорилт хүлээж байна.

Швед-Швейцарын тоглолт 22.00 цагаас Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болно.

 


КОЛУМБ – АНГЛИ

КОЛУМБ

Польш, Сенегал, Японтой “H” хэсэгт багтсан Колумбын шигшээ баг хэсгээ тэргүүлсэн. Эхний тоглолтод Японд хожигдсон ч Польш, Сенегалыг дараалан буулган авсан Kолумбийн шигшээ баг хүчирхэг Англитай тоглоно.

Хосе Пекерман шигшээ багаа хоёр дахь удаагаа удирдан ДАШТ-д оролцож байна. Энэ жил 68 настай Пекерман хамгийн ахмад дасгалжуулагчийн тоонд ороод байгаа. 

Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтыг ахиулахад хэдэн цагийн хугацаа үлдлээ.

АНГЛИ

Том багуудаас тунаж үлдсэн багийн нэг бол Английн шигшээ баг юм. Хэсэгтээ Белгид хожигдон Тунис, Панамыг хожсоноор хоёрдугаар байраар шалгарсан Английн шигшээ баг боломжийн хэсэгт багтсан. Аргентин, Португал, Испани зэрэг том багууд мултарсан энэ үед англичуудад “Алтан цом”-д хүрэх боломж бий. 

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ. Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн болов уу?

Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн таван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж байгаа. Түүний араас дөрвөн гоолтой нэхэж байсан Португалын К.Роналдо өрсөлдөөнөөс хасагдсан бол Белгийн Лукаку нэхэж байна. 

Колумб-Английн тоглолт маргааш өглөө 02.00 цагаас  Москва хотын “Открытие Арена” буюу “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болно. 

 

 

 

ӨНӨӨДӨР 

МАРГААШ 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж