Өнгөрөгч Баасан гаригт буюу зургадугаар сарын 29-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 750 тэрбумын гадаад, дотоодын өр шилжүүлж, энэ үеэрээ “Нэг цагт нэг тэрбумын өр барагдуулж байгаа явдал” гэдгийг онцолжээ. Энэ нь цэвэрлэх байгууламж барих дайны мөнгөтэй адилтгасан нь нэг талдаа Засгийн газар ямар хэмжээний өр цайруулсныг тодотгосон, нөгөө талдаа мэдээж, улс төр хийсэн үг л дээ.
Сангийн сайдын хэлсэн үгэнд гомдчихсон уу, эсвэл даалгавраа сайн биелүүлж байгаад нь атаархсан уу, Даваа гаригт Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хаврын чуулганаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнахдаа бондын өрийг бондоор дарсныг буруутган “Сүүлд авсан бондын мөнгөнөөс урд авсан бондын мөнгийг төлж байгаа хэрэг болохоос биш ард түмний хийж бүтээсэн орлогын татвар, эдийн засгийн өсөлтөөс олсон мөнгөөр төлөөгүй. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш “Хуралдай”, “Гэрэгэ” гэсэн хоёр бондод нийтдээ 1.4 тэрбум ам.долларын зээл авч 580 сая ам.долларын “Евро” бондыг төлсөн. “Гэрэгэ” бондоос “Дим Сам” бондын нэг хэсгийг төлсөн” гэсэн тайлбар хийжээ.
Олон улсын хөрөнгө оруулагчдаас зээлж авсан өрөө цаг тухайд нь төлөх нь Монголын үүрэг, нэр төрийн хэрэг. Өрөө яаж төлөх нь биш цаг тухайд нь төлөх нь чухал. Өөрөө төлөхгүй бол эдийн засгаа дампууруулна. Улсаа дампууруулах уу эсвэл өрийг өрөөр төлөх үү. Өнөөдрийн хувьд Монголд ийм л хоёр сонголт бий. Нэгдэхийг нь мэдээж, ямар ч тэнэг хүн сонгохгүй. Хоёр дахь нь буюу бондын өрийг бондоор дардаг нь аль ч улс орны ашигладаг санхүүгийн хэрэгсэл. Үүнийг АН-ын бүлэг мэдэхгүйдээ биш тэд мэдэн будилж л байгаа болов уу.
Учир нь, УИХ-ын 51 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт “Гадаад зээл болон Засгийн газрын үнэт цаас гаргах замаар өрийг санхүүжүүлэх” тухай заасан байдаг. Энэ бол З.Энхболдын парламентын үед батлагдсан тогтоол.
Нийтдээ таван их наяд 400 тэрбум төгрөгийн өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар төлжээ. Монгол Улсын нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх мөнгө. Тулсан өрөө төлөхгүй бол Монголд дефольт нүүрлэнэ. Мэдээж, үүнийг Ардчилсан нам ч хүсэхгүй биз. Гол нь Засгийн газар өрийн хязгаарыг давсан уу, бага хүүтэй зээлийг өндөр хүүтэй зээлээр төлсөн үү гэдэг нь асуудал болохоос “бондыг бондоор солилоо” гэж буруутгах нь АН-ын хувьд атаархаж үхлээ юу гэж харагдаж байна.
Өнгөрсөн хавар баталсан 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2019-2022 оны өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 55.3 хувь, 47.8 хувь, 41.0 хувьд хүргэхээр баталж өгсөн. УИХ-аас баталж өгсөн хязгаартаа багтааж, тулсан өрөө төлж байгааг Засгийн газар тайлбарлаж буй. Хэрэвзээ Засгийн газар УИХ-аас баталж өгсөн энэхүү өрийн хэмжээг давсан нөхцөлд У.Хүрэлсүхийн засагтай хариуцлага ярих нь зүйн хэрэг. Бүр өрөө төлж чадаагүй бол У.Хүрэлсүхийн засгийг огцруулсан ч болно. Харин ‘өр төллөө’ гэж уурлах нь ёстой л ‘өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана’ гэгч болох юм.
Цаг хугацаанд нь өр төлснөөр Монголын зээлжих зэрэглэл өснө. Олон улсын хөрөнгийн захаас илүү урт хугацаатай, хямд хүүтэй мөнгө татах боломж нээгдэнэ. Хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ. Эдийн засаг сэргэнэ. Улс орон хөгжинө.
Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн том бүтээн байгуулалт, томоохон төслүүд нь хөдлөөд эхлэх юм бол эдийн засагт томоос том хөрөнгө оруулалт болно. 2010 оноос тоолбол найман жил яригдаж, таван засгийн нүүр үзсэн Тавантолгой төсөл улс төрөө даваад гарчихлаа. Газрын гаваар орох шахсан газрын тосны үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Энэ бол муугүй ажил. Гээд сэтгэл ханах асуудал бас биш. Учир нь, “Тахиа донгодсоноор үүр цайдаггүй” гэсэн С.Баярын үгийг энд сануулчихад бас буруудахгүй биз.
Ж.ЭРХЭС