Д.Сарангэрэл: Эмч нар ажил хаяхгүй гэж итгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Эмч нар ажил хаяхгүй гэж итгэж байна

Д.Сарангэрэл: Эмч нар ажил хаяхгүй гэж итгэж байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс дараах тодруулгыг хийлээ.


-Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна гэдгээ мэдэгдлээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн ажилтан, эмч нар ажил хаях тухай мэдэгдлээ албан ёсоор өгөөгүй байна. Цалин мөнгөө нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн яам дэмжиж байгаа. Үнэхээр манай эрүүл мэндийн салбарын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, түүнийг үнэлэх үнэлэмж дүйцэхгүй байна. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам ажлын ачаалалд нийцсэн журмыг боловсруулаад дууссан.

Цалин мөнгө нэмэгдүүлэх тухай асуудал цаг хугацааны асуудал. Энэ сард ОУВС-ын төлөөлөгчид Монголд ирнэ. Энэ үеэр Сангийн сайд цалин нэмэгдүүлэх болон, хүүхдийн мөнгөний асуудлаар гэрээ хэлэлцээрт орно. Үүний үр дүнд аравдугаар сард цалин нэмэх нөхцөл бүрдэнэ гэж хүлээж байна. Боломж нь байсаар байтал цалин нэмэхгүй, эрүүл мэндийн салбарынхны тавьж байгаа асуудлыг үл тоомсорлож байгаа хандлага Эрүүл мэндийн яамны төвшинд ч Засгийн газрын төвшинд ч байхгүй. Өнөөдөр улс орны эрүүл эдийн засгийн бодит нөхцөл боломж ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гадаад өрөө төлөхгүй бол эдийн засгийн тусгаар тогтнолын асуудалд хүндрэл учрах нөхцөл үүснэ. Гэхдээ эрүүл мэндийн салбарынхны ахуй амьдрал, өр зээлтэй байгаа байдлыг орхиж болохгүй. Үүнийг шийдэх ёстой гэсэн чиглэлд ажиллаж байгаа. Үр дүн нь аравдугаар сард гарна.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна гэхэд удирдлагынх нь зүгээс дарамт ирж байна гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Ер нь тангараг өргөсөн эмч нар эрүүл мэндийн салбарынхан ажил хаях тухай ойлголт байхгүй. Энэ бол ёс зүйн талаасаа боломжгүй. Тийм ч учраас эмч, эмнэлгүүд Эрүүл мэндийн яаманд ажил хаях тухайгаа албан ёсоор мэдэгдэхгүй байна гэж ойлгож байгаа. Гэхдээ цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй орхино гэсэн үг биш. Энэ чиглэлд манай яамны зүгээс өөрөөс шалтгаалах бодитой ажлыг хийж байгаа. Сангийн сайдын 47 дугаар тушаал гарсан. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нэмэлт орлогынхоо төвшинд нийгмийн асуудал цалин урамшууллаа нэмэгдүүлээд явах эрхийг төсвийг захиран зарцуулагч нарт өгсөн. Түүнээс гадна амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдэд гэрээ хийж урьдчилан сэргийлэх үзлэг явуулах, үүнээсээ олсон орлогоо дотооддоо зарцуулах эрхийг өгсөн. Дээр нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхэлсэн. Үүнд нэг оношлогоо 2800 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 3500 төгрөг болгож шинжилгээ бүрт 700 төгрөг нэмж эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг нэмж өгсөн. Энэ мэт бидэнд албан ёсоор цалин нэмэгдтэл эрүүл мэндийн салбар дотоод бүх нөөц бололцоогоо ашиглаж цалинг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Тангараг өргөсөн эмч нар хүний эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй хүмүүс хүн ардынхаа эрүүл мэндийн байдлыг үл харгалзан ажил хаях, үүнээс үүдэж хүний эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдлыг үүсгэхгүй гэдэгт итгэж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж