Гадаадын иргэн, харьяатын газар нь Монголын Улсын нүүр царай болж, гадаадын иргэдэд хамгийн түрүүнд үйлчилгээ үзүүлдэг Монголын Улсын босго болсон байгууллага. Тэр утгаараа гадаадын иргэдэд Монголын ард түмний уламжлалт соёлыг таниулж, зан заншлыг хүндэтгэн дээдлэхийг сурталчлах зорилгоор Хүндэтгэлийн өргөө байгуулж, өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийлээ. Хүндэтгэлийн өргөөний нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн болон байгууллагын бусад удирдлага, нийт албан хаагчид оролцлоо. Хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээж Үндэсний дуу бүжгийн “ Түмэн эх” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Мөн энэ үеэр Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 145, 146 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-уудыг эх хувиар нь Хүндэтгэлийн өргөөнд заллаа. Уг журмууд нь 2018 оны 7 дугаар сар 1 буюу өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог, гадаад иргэдэд Монгол Улсын виз олгох, Монгол Улсад оршин суух харилцааг зохицуулсан гол журмууд юм.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР