Тайландын Там Луанг агуй руу орсон 11-15 насны өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд, багшийн хамт сураггүй болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 23-нд сураггүй болсон бөгөөд ес хоногийн дараа хайгуулын багийн хоёр Британи шумбагч олжээ. Хүүхдүүд багшийн хамтаар бүгд эсэн мэнд байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Эрлийн багт Америк, Хятад, Англи, Австралийн мэргэжлийн шумбагч нараас бүрдсэн баг ажилласан байна.
Тэднийг Там Луанг агуй руу орсон хойгуур бороо орж, агуй тэр чигтээ усанд автжээ. Усны түвшин нэмэгдсээр эргэж гарах боломжгүй болсон аж. Үерийн усны түвшин нэмэгдэхийн хэрээр хөрсний нуранги үүсч байгаа учир аврагчдад ажлаа хийхэд хүндрэл учруулж байгаа гэнэ.
Аврах багийнхан хүүхдүүдийг агуйгаас гаргахын тулд дор хаяж нэг сарын хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ. Усны түвшин их байгаа учраас хүүхдүүдэд шумбах анхан шатны мэдэгдэхүүн шаардлагатай тул заахаас өөр аргагүй гэжээ. Одоогийн байдлаар хүүхдүүдэд эрүүл мэндийн болон хоол унд, хувцас бусад хэрэглэгдэхүүний тусламж үзүүлж агуйгаас гаргахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Там Луанг агуй нь Тайландын хойд хэсэгт орших Чианг Рай байгалийн цогцолборт газарт байдаг ажээ.