Майдар гэгээний хийдийн 17 дугаар хамба М.Базарсад гэгчийг баруун аймгуудад ган тайлсан, түүний эргэн тойронд цагдаа, цэргийнхэн “шадарлаж” буй зураг дуулиан тариад байна. Тэгвэл үүнээс дутахгүй шашны үйл явдал мөн тэр өдөр Дашчойлон хийдэд болж өнгөрсөн талаар огт дуугарсангүй. Хэдийгээр нууцлаагүй ч мэдээгүй өнгөрсөн болж таарлаа. Харин энэ талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлжээ.
Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 1-нд Дашчойлон хийдэд БНХАУ-ын Найралт найрамдах сүмээс бэлэглэсэн Майдар бурхныг амилуулах ёслол болжээ. Зэсээр бүтээж алтаар өнгөлсөн 23 метр өндөр Майдар бурхныг бүтээх хөрөнгийг БНХАУ-ын Найралт найрамдах сүм хандивлаж Майдар бүтээх ажлыг 2006 онд эхэлснээр 12 жилийн дараа урлан амилуулсан нь энэ аж.
Энэ ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон төрийн зарим албан хаагч оролцсон байна. БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны ажилтнууд, Яньжюе цорж тэргүүтэй Хятадын Буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгчид, тэргүүн хамба Хү Шюефен тэргүүтэй Найралт найрамдах сүмийнхэн байлцжээ. Мөн Орос, Казахстан, БНСУ, Япон, Вьетнам, Лаос зэрэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломат албаныхан, олон улсын шашны байгууллагын төлөөлөгчид болон Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй хуврагууд оролцжээ.
“mongol.china.com” сайтад мэдээлснээс эш татъя.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Майдар бурхныг амжилттай бүтээж амилуулж буйд баяр хүргэж “Монгол бол буддын шашинт орон. Майдар бурхныг бүтээж амилуулж буй нь Монгол Улсын нэг том үйл хэрэг, буддын шашинт бидний ерөөл буян юм. Бурхны гэгээ биднийг ивээнэ. Би оюутан байхдаа Дашчойлон хийдийн хажуугийн байранд байсан учраас буддын шашны хурлын дууг сонсдог байлаа. Майдар бурхныг бүтээхэд гар бие оролцсон хүмүүст талархал илэрхийлье” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан энэ ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээсэн баярын захидлыг уншиж дамжуулжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга захидалдаа “Буддын шашин бол Монголын ард түмний шашин юм. Майдар бурхныг бүтээж, амилуулж буй нь Монголын нийгмийн нэгэн том үйл хэрэг мөн. Майдар бурхныг эв нэгдлийн бэлгэдэл гэж буддын шашны номлолд өгүүлсэн байдаг. Майдар бурхныг бүтээж амилуулснаар, Монгол Улсын нийгмийн эв зүй, улс орны хөгжлийг бурхны гэрэл гийгүүлж, Монгол Улс мандан бадрахыг хүсэн ерөөжээ”.
Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав “Майдар бурхныг бүтээхэд тусалсан БНХАУ-ын Найралт найрамдах сүмийнхэнд талархал илэрхийлж, Монгол, Хятад хоёр орны буддын шашны салбар найрсаг харилцаж ирсэн түүхтэй. Буддын шашны үзэл санаа хоёр орны иргэдийн оюун санааны хамтын баялаг болсон юм. Майдар бурхныг Дашчойлон хийдэд бүтээж, амилуулж байгаа нь Монгол, Хятадын ард иргэдийн найрсаг харилцааны чухал үйл хэрэг мөн. Дашчойлон хийдийнхэн Майдар бурхнаа дээдлэн шүтэж, хайрлан хамгаалж, Майдар бурхны нигүүлсэнгүй буяныг сүсэгтэн олонд түгээж, Монгол, Хятад хоёр орны ард иргэдийн найрамдлыг үеийн үед уламжлан хөгжүүлэх болно” гэжээ.
Элчин сайд Шин Хаймин “Найралт найрамдах сүмээс Дашчойлин хийдэд бэлэглэсэн Майдар бурхныг амжилттай бүтээж амилуулж байгаад баяр хүргэж, Хятад, Монгол хоёр орон, хоёр орны ард иргэд, буддын шашны салбарынхан сайн хөрш, сайн найзууд юм. Буддын шашин бол Хятад, Монгол хоёр орны түүх, соёлыг холбох чухал гүүр юм. Майдар бурхныг бүтээж амилуулж буй энэ том үйл явдал Хятад, Монгол хоёр орны шашны салбарын найрсаг харилцааны уламжлал, хөгжил, мөн Хятадын талын “Нэг бүс нэг зам” санаачилга, Монголын талын “Хөгжлийн зам” стратегийн холболтын үр дүн, үлгэр жишээ, хоёр орны шашны салбарын найрсаг хамтын ажиллагааны чухал үйл явдал. Хятадын ЭСЯ Монголын талтай цаашид нягт хамтран ажиллаж, харилцаа солилцоогоо улам эрчимжүүлэн, ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны буддын шашны хөгжилд тус дэм болж, харилцан хүндэтгэж, харилцан суралцаж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хоёр орны сүсэгтэн, ард иргэдийг улам аз жаргалтай болгоход ЭСЯ бэлэн байна” гэжээ.
Ингэж мэдээлжээ. Үүнийг дүгнэх илүүц биз. Харин шашин, төрийн харилцааны талаарх хандлага хэрээс хэтэрсэн эсэх талаар баталсан хуультайгаа жишиж нэг харахад илүүдэхгүй биз ээ.
Жич: Энэхүү ёслолын зургуудыг дараах холбоосоор үзэх боломжтой http://mongol.china.com/news