Сэлэнгэ аймгийн Мандал суманд Энэтхэгийн эмч нар ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Энэтхэгийн эмч нар ажиллалаа

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Энэтхэгийн эмч нар ажиллалаа

Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрөгч тавдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн ажиллаж, нийт иргэдийг үзлэгт хамруулсан юм. Мөн манай улсад дөрөвхөн ширхэг байдаг зөөврийн дижитал рентгенээр цээжний хөндийн эмгэг илрүүлэх үзлэг оношлогоог хийсэн. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нийт иргэдийн дундаас сэжигтэй буюу нарийн үзлэгт хамрагдах шаардлагатай 100 гаруй иргэн байгааг тогтоожээ. Ер нь Мандалчуудын дунд элэг цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөл, мэдрэл, нуруу нугасны өвчлөл өндөр байгаа нь өмнөх үзлэгээр тогтоогдсон байна. Тэдгээр иргэдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд 2 дахь шатны үзлэгт хамрууллаа. Энэ удаад Бүгд найрамдах Энэтхэг улсын Шинэ Дэли хотын Би Эл Кей “Хавдрын Төв”-ийн Хавдрын мэс засалч, Ахлах Зөвлөх, доктор Панкаж Панде, мөн төвийн нарийн мэргэжлийн эмнэлэгийн зөвлөх эмч, доктор Рохит Бансил, Шинэ Дели хотын  БЛК Супер Спешиалти эмнэлгийн Элэг цөс, нойр булчирхайн мэс засалч,  элэг шилжүүлэн суулгах төвийн хэлтсийн захирал доктор, профессор Санжэй Сингх Неги нар Мандал суманд ажиллаж, үзлэг хийсэн юм. Өнгөрөгч тавдугаар сарын эрүүл мэндийн үзлэг болон энэ удаагийн Энэтхэгийн эмч нарын үзлэгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, 29 дэхь Ерөнхий  сайд Жаргалтулгын Эрдэнэбат зохион байгуулжээ. Хоёр дахь шатны үзлэг оношлогоонд мэдрэлийн болон элэг цөс, мэс заслын эмчийн хяналтад байдаг 141 иргэн хамрагдсан байна.  Эмч нарын үзлэгийн үеэр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 7 иргэн илэрсэн бол бусад өвчтөнүүдийн оношийг батлагаажуулах, тодорхойгүй оношийг нээн илрүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр өндөр үр дүнтэй ажилласан байна.

Энэтхэгийн зөвлөх эмч нар Мандал суманд ажиллах үеэрээ мөн сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Шинэ Дэли хотын Би Эл Кей “Хавдрын Төв”-ийн зүгээс Мандал сумынханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч эмнэлэгийн ажилтнуудыг сургах, шаардлагтай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Энэтхэгийн талаас Мандал сумын хүн амд жилд 1 удаа иргэдэд урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх эмчийн баг ажиллуулах бөгөөд цаашид Мандал сумын Нэгдсэн Эмнэлэгийн тусламж үйлчилгээг  загвар болгон хөгжүүлэхээр  боллоо. 

 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж