ДАШТ: Бразил, Бельги шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Бразил, Бельги шөвгийн наймд үлдлээ

ДАШТ: Бразил, Бельги шөвгийн наймд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө хоёр тоглолт болж, Бразил, Бельгийн шигшээ баг тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болсон бөгөөд тоглолтын мэдээллийг хүргэе.


БРАЗИЛ – МЕКСИК 2:0

  • Гоол: Неймар 51’, Р.Фирмино 88’

Америк тивийн төлөөлөл Бразил болон Мексикийн шигшээ багууд шөвгийн 16-д учраа таарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил хэсэгтээ Коста-Рика, Сербийг хожиж, Швейцарьтай тэнцэн хэсгээ тэргүүлсэн юм.

Тэгвэл аваргаа хамгаалахаар ирсэн Германыг гэрт нь буцаасан баг бол Мексикийн шигшээ баг байсан. Хэсгийн эхний тоглолтод Германыг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн мексикчүүд хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. 

Бразил, Мексикийн тоглолт өнгөрсөн шөнө Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолт 2:0-оор дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн.

Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 51 дэх минутад Неймар эхний гоолыг хийж, бразилчууд 1:0-оор тэргүүлж эхэлсэн юм. Үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө буюу 88 дахь минутад Неймар дахин нэг довтолгоог эхлүүлж, Роберто Фирмино амжилттай болгосноор 2:0-оор бразилчууд ялалт байгууллаа.

26 настай довтлогч Неймар бол Бразилын шигшээ баг төдийгүй дэлхийн шилдэг тоглогч гэдгээ өчигдрийн тоглолтод дахин харууллаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси, К.Роналдо нар гэртээ харьсан энэ үед Неймараас их зүйлийг хүлээж байгаа. Тэрбээр багаа ялалтад хүргэсээр байна. Дэлхийн аваргад түрүүлэх боломжтой байсан Аргентин, Испани, Португал зэрэг багууд эрт тэмцээнийг орхисон. Ийм үед Бразилын шигшээ багаас их зүйлийг харж байгаа юм. 

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин хэмээх хэргэмийг эзэмшигч Неймар дөрвөн жилийн өмнө нутагтаа болсон дэлхийн аваргад бэртэл авч тэмцээнийг дундаас нь орхиж байсан. Тэгвэл энэ удаа нутагтаа хавч чадаагүй амжилтаа үзүүлж, мөрөөдлөө биелүүлэхээр Орост ирээд байна. Неймар одоогоор хоёр гоолыг хийгээд байгаа.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багт хүртэж үзээгүй алтан медаль, цом гэж байхгүй. Дэлхийн аварга, тив хоорондын цом, тивийн аварга болон олимпийн аваргын алтан медалийг бүгдийг нь хүртсэн. Харин энэ удаа зургаа дахь түрүүгээ хүртэх зорилготой байгаа нь дамжиггүй. Тиймээс шөвгийн 16-н тоглолтыг төвөггүйхэн давж, шилдэг наймд үлдлээ.


БЕЛЬГИ – ЯПОН 3:2

Бельгийн шигшээ баг G хэсгийг ганц ч хожигдолгүйгээр 9 оноогоор тэргүүлсэн бол Японы шигшээ баг “аз”-тай байдлаар хэсгээсээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Хоёр багийн хоорон дахь статистикаас харвал Японы шигшээ баг давуу байдалтай байгаа ч энэ дэлхийн аваргад Бельгийн шигшээ баг хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн.

Дон мөрний хөвөөнөө орших Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 3:2-оор Белгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

Ази тивийг төлөөлж шөвгийн 16-д шалгарсан цорын ганц баг болох Японы шигшээ баг тоглолтын төгсгөлд ялагдал хүлээснээр гэртээ харихаар болсон юм. 

Хоёр баг үндсэн 90 минутад 2:2-оор тэнцсэн. Талбайн шүүгч дөрвөн минут сунгахад сэлгээгээр орж ирсэн Белгийн Чадли гоол хийснээр тоглолт белгичуудийн ялалтаар өндөрлөлөө.

Бельгийн шигшээ баг маш том зорилготой байгаа. Тиймээс өнгөрсөн шөнийн тоглолтод байдаг бүхнээ гаргасан. Харин азтай байдлаар хасагдах шатанд шалгарсан Японы шигшээ баг тэмцээн дуусгалаа. 

Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан амжилт юм. 2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймд Аргентины шигшээ багт хожигдож (1-0) байсан.

Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан амжилтаа энэ удаа бататгалаа.

Өнөө шөнө Швед-Швейцарь, Колумб-Английн тоглолт болж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж