Жил бүр наадамчин олонд тулгардаг бэрхшээл бол ‘морь харах”. Наадам үзэх гэж очсон иргэд хэдхэн тооны 00-д дугаарласаар өдрийг бардаг. Зарим тохиолдолд бие засах газарт орохын ч эцэсгүй. Жишээ татвал, өнгөрсөн жилийн наадмаар Хүй долоо худагт био жорлон суурилуулсан ч бохир нь хальж, хүн орж бие засах нь бүү хэл шагайхад ч хэцүү болж, сандаргасан. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн цэгт 00 байрлуулсан ч хүрэлцээ муутайгаас наадамчид дугаарласаар бөхөө ч үзэж чадалгүй, цаг алдаж байв.
Хэдэн мянган бээрийн газар туулан, наадам үзэхээр ирсэн жуулчдын хувьд ч 00 тулгамдсан асуудал нь болдог. Энэ жил 12 мянга орчим жуулчин наадмын нээлт үзэхээр захиалга өгсөн гэх мэдээлэл бий. Иймээс бид жилийн жилд асуудал дагуулдаг 00-ыг Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хэр хүрэлцээтэй байгуулж байна вэ гэдгийг албаны хүмүүсээс тодруулсан юм.
Харин Хот тохижилтын газрын, тохижилт үйлчилгээний албаны тохижилтын менежер Э.Мөнхболд “Төв цэнгэлдэх хүрээлэн нийт зургаан бие засах газартай. Нэг бие засах газарт зургаан хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой. Наадмын үеэр нэмж, зөөврийн 20 гаруй био жорлонг байршуулна. Энэхүү зөөврийн био жорлонг өмнөх жил хэрэглэж байсан. Нийслэлийн хэмжээнд болж байгаа томоохон арга хэмжээнүүдэд ашигладаг. Ариун цэвэр тал дээр асуудалгүй. Бохирын машин болон бохир задлагч бодис бүх зүйл бэлэн, хангалттай байгаа.
Хүй долоо худаг буюу Монгол наадам цогцолборт тусгайлан чингэлгэн бие засах газруудыг байгуулсан байдаг. Нарийн тоог нь хэлж мэдэхгүй. Ямартай ч манай байгууллагаас 12 бие засах газрыг нэмж байршуулна. Өнгөрсөн жил Хүй долоо худагт 24 бие засах газар ажиллаж байсан’ гэв.
Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд багтааж, 00-ын хүрэлцээг нэмэгдүүлэхгүй бол нэг хэсэг нь хэдэн цагаар дугаарлаж, нөгөө хэсэг нь хаа дуртай газраа ‘морь хардаг’ үзэгдэл энэ жил дахиад давтагдахгүй гэх баталгаа алга.
Э.Бурам