Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших “Hill Side” хотхоны оршин суугчдыг төлөөлсөн “Хамтын хүч’ СӨХ, барилга барих зөвшөөрөлтэй “Солонго лайн” компанийн хооронд газрын маргаан дэгдсэн байсныг бид сурвалжилж хүргэсэн билээ.
Дээрх газарт дахин очвол гэр болон замыг хааж тавьсан том оврын авто машиныг холдуулж, оршин суугчид тагтандаа өлгөсөн эсэргүүцлийн аннос зэргээ авчээ. Учрыг лавлавал оршин суугчдын төлөөлөл болон “Солонго лайн” компанийнхан уулзаж асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхээр болсон байлаа. Гурван давхар барилгынхаа нэгдүгээр давхрын 20 метр урттай суурийнхаа 10 метрийг арк маягаар хийгээд, иргэдэд зориулсан сандал, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж өгөхөөр тус компани оршин суугчидтай нэгдсэн ойлголцолд хүрчээ.
“Солонго лайн” компанийн хувьд анх 1996 онд дээрх газарт барилга барих зөвшөөрөл авчээ. Тухайн үед Нийслэлийн засаг даргаар Ц.Баасанжав ажиллаж байсан аж.
Харин дараа нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” компанид гэрээний үндсэн дээр газраа ашиглуулсан нь өнөөгийн “Hill Side” хотхон босчээ. Эндээс газрын маргаан үүссэн гэж “Солонго лайн” компанийнхан тайлбарлалаа. Учир нь “Ти Си Ди” компани орон сууцны хорооллоо бүрэн барьж дуусгалгүй, улсын комисс хүлээж аваагүй байхад оршин суугчдаа оруулснаас гадна захиалга авахдаа “Хуашин” рестораныг буулгасан талбайд усан оргилуур барина, мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулна, хаана ч байхгүй эко авто зогсоолтой хотхон барьж байна” хэмээн захиалгач авчээ.
“Хуашин” ресторан нь оффисын гурван давхар барилга баригдахаар төлөвлөгдөөд байгаа газар дээр байсан барилга юм.
Бид “Солонго лайн” компанийн ХАБЭА-ны инженер Г.Идэрцогттой уулзсан юм. Тэрбээр ‘Бид өөрсдийн эзэмшлийн 15х20 хэмжээтэй газар л барилга барина. Хуучин байсан “Хуашин” рестораныг буулгаад, оронд нь гурван давхар оффисын зориулалттай барилга барина. Тиймээс нийтийн эзэмшлийн газар гэсэн ойлголт байхгүй. Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс барилга баригдах талбайн гадна талыг хашаагаар тусгаарласан. Одоо ухчихсан байгаа нүхийг харсан оршин суугчид “Гурван давхар барилгын суурь биш, 7-8 давхар барилгын суурь байна” гэсэн буруу ойлголттой байна.’
‘Бид ажиллах талбайдаа барилгачдын орж, гарах талбай, аюулгүй байдал, нуралтаас сэргийлж суурийг заавал том ухдаг юм гэдгийг оршин суугчдад маш их ойлгомжтой тайлбарласан. Стандартын дагуу хотхоны 30 хүртэлх хувь нь ногоон байгууламжтай байна гэж заасан байдаг. Энэ стандартдаа хүрч байгаа. Одоо баригдах гурван давхар барилга нийтийн эзэмшилд олгогдох талбай руу нэг ч сантиметр даваагүй. Оршин суугчидтай хэлэлцэж ярилцаад, 20 метр урттай барилгын суурийнхаа 10 метрийг арк маягаар хийгээд, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж өгье гэсэн санал тавьсан. Оршин суугчдын ихэнх нь зөвшөөрсөн.
“Hill Side” хотхоны орох, гарах гарцыг манай “Солонго лайн” компаниас хаагаагүй. Оршин суугчид хаасан байсныг цагдаа нар ирж нээсэн. Цагдаа нар ажлаа л хийж байгаа хүмүүс. Баянгол дүүргийн Засаг даргаас “Оршин суугчид жагсаал цуглааны хэлбэрт орчихсон байна. Мөн аюулгүй байдлыг хангаагүй орц гарцыг таглачихсан байна, тараа” гэсэн үүрэг даалгавар цагдаагийн байгууллагад өгсөн юм билээ. Цагдаа нарын ачаад явсан жижиг тэргийг оршин суугчид сар гаруйн хугацаанд манай компанийн барилгын талбай руу ордог хэсгийг хааж тавьсан. Энэ хугацаанд манай компани цагдаад хэлээд, ачуулж чадахгүй удсан.
Хэрэв “Солонго лайн” компани иргэдийн яриад байгаа шиг цагдаа, хуулийн байгууллагад хүчтэй байсан бол аваад л хаячихна. Манай компани өргөдөл, хүсэлтээ өгөхөд цагдаагийн байгууллагаас “Бид хүний хувийн өмчид халдах эрхгүй” гэсэн тайлбар өгч байсан. Манай компани Хятадын хөрөнгө оруулалтай биш, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдгийг хэлмээр байна. Харин Г хэлбэрийн “Hill Side” хотхоныг барьсан “Ти Си Ди” компани Хятадынх. Бид оршин суугчдад мэдээлэл өгөх гэхээр хүмүүсийг өдөөн турхирсан зүйлүүд ч гарч байна” гэв.
Нийслэлийн газрын албаны 2015 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/551 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших, захиалагч гүйцэтгэгч “Солонго лайн” ХХК-д 6932 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх №000314602 дугаартай гэрчилгээ олгогджээ.
Мөн нийслэлийн Хот төлөвлөлтийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 07/2018 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №2016/15-06 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус олгосон байна.
Мэргэжлийн хяналтын газраас дээрх газарт шалгалт явуулж, “Солонго лайн” компанийн барихаар төлөвлөж буй гурван давхар барилгаас зэргэлдээ орших орон сууцны барилга хүртэлх зай хэмжээ нь БНбД 30-01-04-ийн 2.11 дэх заалтыг хангаж байна” хэмээн дүгнэжээ.
Оршин суугч С. Баярмаа:
Гадаа гараад тухтай суух ч боломжгүй, хүүхдүүдээ тоглуулъя гэхээр талбайгүй. Ийм газар хэдэн жил амьдарлаа. Одоо зүгээр хурдан асуудлаа шийдмээр байна. Хүүхдээ тэвэрсэн хүмүүс шатан дээр зогсож харагддаг юм. Энэ компани барилгаа хурдан барьж газраа чөлөөлмөөр байна. Хэдэн жил шүүхээр явсан ч хэн хэнийх нь эрх ашиг хангагдсангүй.
Миний сонссоноор барилга барих бүх зөвшөөрөл нь байгаа гэсэн хурдан барилгаа барих хэрэгтэй. Сүүлд бөөн бужигнаан боллоо. Шөнө орой амруулахгүй, жижүүрүүд гараарай гээд байнга хаалга тогших нь хэцүү байлаа. Харин хэд хоногоос байдал арай гайгүй боллоо.