Ээлжит бус чуулган зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлахгүй

Ээлжит бус чуулган зарлахгүй

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнгөрсөн Баасан гаригт буюу зургадугаар сарын 29-нд завсарлалаа.

Нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцжээ. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 50-ийг баталжээ.

Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал байлаа гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хаалтын үеэр онцлон хэлсэн.

Хаврын чуулганаар баталсан гол хуулиудаас дурдвал “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Улсын бүртгэлийн тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль, Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай, Багшийн хөгжлийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон Элчин сайдуудын томилгоо зэргийг  хэлэлцжээ.  

Эрх баригч нам хаврын чуулганаар хэлэлцэх ёстой гол гол хуулийн төслүүдийг хэлэлцэж чадсангүй гэдгийг сөрөг хүчин өчигдөр /2018.07.02/ мэдээлэл хийх үеэр онцолсон. Тухайлбал, ‘Эрхзүйн хүрээнд төлөвлөгдсөн гол гол ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны тогтолцоо, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой төлөвлөгдсөн хуулийн төслүүд болох Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хууль зэргийг хэлэлцсэнгүй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл болох Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хоёр чуулган дамжин яригдлаа. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлтийг мөн хойшлуулсан гэдгийг тэд тодотгосон юм. 

Анхандаа аажуу тайван үргэлжилсэн хаврын чуулган хоног дөхөх тусам шахуу хуралдаж  өдөрт 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэн баталсан  ньцөөнгүй. Хаврын чуулган завсарлахаас хоёр хоногийн өмнө оруулж ирсэн  гол асуудал нь “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан явдал байлаа. 

УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэнчлэн “Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдсэн нь хаврын чуулганаас онцлох гол ажил нь болов.  Үүгээр  Монгол Улс нэг алхам урагшилсан гэж хэлж болно. Уг тогтоолын төслийг хаврын чуулганаар багтааж хэлэлцэхэд АН-ын үүрэг их байсныг дурдах нь зүйтэй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр  “Хэрэв АН Тавантолгойн тогтоолыг зогсоохоор шийдсэн бол тав хоногийн завсарлага аваад, намрын чуулган хүртэл хойшлуулах боломж байсан. Бид энэ аргыг сонгоогүй. Монголчуудын эрх ашгийн төлөө, Монголын баялгийг иргэдэд нь эзэмшүүлэхийн төлөө эрх баригчидтай зөвшилцөх нь зөв гэж үзсэн’ хэмээсэн юм.

Бизнес эрхлэгчдийн зүгээс Татварын багц хуулиудыг хаврын чуулганаар  батлагдахыг хүлээлт тавьж байсан. Гэвч намрын чуулган хүртэл дахин хүлээгдэх болов. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратыг түдгэлзүүлэх асуудал УИХ-д дахин орох нь тодорхой болсон ч мөн л УИХ-аар орж амжилгүй хаврын чуулган хаагдав. 

Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан, Арбитрын шүүхийн шийдвэрийг шалгах, мөн Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах Ажлын хэсгүүд шалгалтын үр дүнгээ УИХ-д тайлагнах ёстой байсан ч дахин чуулган дамнах болов. Энэ мэт цөөнгүй асуудал чуулганы гадна үлдсэн тул эрх баригчид ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болов уу гэсэн хүлээлт улс төр, эдийн засагт үүссэн. Тиймээс үүний хариултыг авахаар эрх баригч намын зарим гишүүнээс тодруулахад “Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй. Яаралтай хэлэлцэх хуулийн төсөл болон чухал асуудал байхгүй. Хаврын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомж, Ажлын хэсэг, хуулийн төсөл болон бусад сэдвийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээр энэ парламент өмнөх Их хурлуудаас илүү бүтээлч ажилласан. Хаврын чуулганаар баталсан шинэ хуулийн төслүүдээ гишүүд тойргийн  сонгогчдодоо танилцуулах  ажил хүлээгдэж байна” гэдгийг тодотгов.

Мөн УИХ-дахь АН-ын бүлгийн зүгээс “Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсээгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Ямартай ч намрын чуулган хүртэл ээлжит бус чуулган  зарлахгүй нь тодорхой боллоо. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж