Тодруулбал, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор төсөлд тусгажээ.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилдог. Ингэхдээ зургаан жилийн хугацаатайгаар томилдог юм.
Өөрөөр хэлбэл, дээрх төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд Улсын дээд шүүхийн шүүгч 12 жилийн хугацаатай ажиллах болж байна.
Нэг талаасаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг эрх зүйн хүрээнд баталгаажуулж өгөх болсноороо сайн талтай гэж үзэж болох ч нөгөө талаас улс төрийн нөлөө ихтэй үед Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр дархлах нь алдаа болно гэж үзэх хүн ч бий.
Гэхдээ эцсийн шийдлийг УИХ гаргах учраас хамгийн зөв хувилбарыг сонгох нь чухал болж буй юм.
Мөн хуулийн төсөлд тусгаснаар хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байх гэсэн заалтыг тусгажээ. Энэ нь үндсэндээ шүүгч нарт тавьдаг одоогийн шалгуурыг чангарууллаа гэж хэлж болно. Хэрэв эл заалт энэ хэвээр батлагдвал анхан шатны шүүгчийн насыг 35-аас доошгүй байх хязгаарлалт тавигдана.
Бусад улс орнуудтай харьцуулахад Монголын анхан шатны шүүгчийн нас 25 байгаа нь бага гэсэн шүүмжлэл өрнөж ирсэн. Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаа, мөн шүүгч нарын шүүмжлэлээр дээрх заалт хэрэгжээд эхэлбэл анхан шатны шүүхэд ажиллах боловсон хүчин дутагдаж эхлэх эрсдэл бий. Учир нь анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 30 нас хүрээгүй хуульчид олноор өрсөлддөг. Энэ нь 35, 40 насанд хүрсэн шүүгч карьераа олсон байдаг тул анхан шатны шүүгчээр ажиллах сонирхол байдаггүйтэй холбоотой аж. Нөгөө талаас орон нутагт анхан шатны шүүгчээр ажиллах шүүгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг 3-4 удаа зарласан тохиолдол ч гарчээ.
Томилгоог хэн хийх вэ?
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэхээр, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэхийн өмнө УИХ-д танилцуулахаар заасан юм.
Одоогийн зохицуулалтаар Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Харин энэ заалтыг шүүгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дордуулсан гэж үздэг юм.
Учир нь УИХ-аар дээрх төсөл дэмжлэг авсан нөхцөлд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдох шүүгч нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын дэмжлэгийг авах шаардлагатай болно. Шүүх байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Иймээс эл заалт Монголын нөхцөлд тохирохгүй гэж үздэг юм.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлэх үүрэг хүлээж байна.
Харин бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор заажээ.
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулахаар төсөлд тусгасан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурал, хоёрыг Ерөнхийлөгч тус тус томилох бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй байна;
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, хоёрыг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс сонгоно;
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон гишүүд дотроос нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
Г.ХОРОЛ