Тэтгэврийн насыг уртасгах төлөвлөгөө эсэргүүцэлтэй туллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн насыг уртасгах төлөвлөгөө эсэргүүцэлтэй туллаа

Тэтгэврийн насыг уртасгах төлөвлөгөө эсэргүүцэлтэй туллаа

Омск хотын оршин суугч Татьяна Нагибинагийн нөхөр тэтгэвэрт гарахад ахиад 10 жил дутуу байна. Гэвч 50 настай түүний зүрх муу тул өдөр бүр өндөр үнэтэй эм уудаг. Нөхөр нь ахиад таван жил ажиллаж байж насны амралтаа авах нөхцөл байдал үүссэн нь түүнийг бухимдуулжээ. Омскийн бүс нутагт эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 нас хүрдэггүй аж. Тэгэхээр эрэгтэйчүүд хэзээ ч тэтгэвэр авахгүй, насан туршдаа хөдөлмөрлөсөөр таалал төгсөх болж байна гэж тэрбээр бухимджээ.

ОХУ-ын хууль тогтоогчид тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачилсныг иргэд эсэргүүцэн 30 орчим хотод жагсаал зохион байгуулжээ.

ОХУ-д дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй зэрэгцэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан байна. Ингэхдээ эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг байсныг 63 болгож, эрэгтэйчүүдийг 60-65 нас болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хууль санаачлагчдын зүгээс ОХУ-д ажиллах хүчний хэмжээ багассаар байгаагийн дээр хүмүүс илүү урт наслах болсон тул тэтгэврийн насыг нэмэх нь зөв гэж үзжээ.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь 15 сая хүн буюу хүн амын 10 гаруй хувьд хамаарах аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар орос эрэгтэйчүүд 66, эмэгтэйчүүд 77 нас хүртэл насалдаг аж. Гэвч үйлдвэрчний эвлэлүүдээс оросууд дээр дурдсан тэтгэврийн насанд хүртлээ урт насалдаггүй гэж мэдэгджээ. Оросуудын хувьд тэтгэвэрт гарах нас Европын стандартаас харьцангуй доогуур байдаг. Тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал эртнээс яригдаж байгаа ч эцэслэн шийдээгүй уджээ. Ажил эрхлэгчдийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж байсан, Оросын хойд хязгаарт 15-аас дээш жил ажилласан бол, мөн таваас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд тэтгэврээ эрт тогтоолгох боломжтой. Тэтгэврийн мөнгийг тогтоохдоо ажилласан жилтэй уялдуулан тооцох оноонд суурилсан системийг мөрддөг. Тэтгэврийн дундаж хэмжээ 150 ам.доллар (299 000₮) байдаг нь европчууд шиг гадаадад аялаад явах боломжгүй байдаг аж.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсаалд Сибирийн Омск хотноо 3000 хүн оролцсон бол бусад хотуудад арай цөөн хүнтэй жагсаал болжээ. Омск хотын жагсаалд оролцогчдын олох нь сөрөг хүчний улстөрч Алексей Навалныйг дэмжигчид байв. Тэрбээр твиттер хуудаснаа “тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь жинхэнэ гэмт хэрэг. ОХУ-д нэн тэргүүнд хэрэгтэй байгаа шинэчлэлийн нэрэн дор олон сая хүнийг дээрэмдэх нийлэг арга” хэмээн жиргэжээ.

Жагсагчид “татвараа төлөөд үх” , “Бидний халаасыг тэмтрэхээ боль”, Би тийм урт наслахгүй” гэх мэт уриа лоозон барьсан байв. Гэхдээ Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй хотуудад уриа лоозон барин жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа юм. Московский комсомолец сонины судалгаагаар санал асуулгад оролцсон иргэдийн 80 хувь нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төр, засгийн эрхийг барьсан 20 жилийн хугацаан дахь хамгийн эрсдэлтэй шинэчлэлтэд тооцогдож байна. Өдгөө 65 настай Владимир Путины рейтинг сүүлийн хоёр долоо хоногийн дотор 78-64 хувь болж унажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж