ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөө шөнө БЕЛГИ-ЯПОНЫ тоглолт болох бөгөөд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
Азийг төлөөлж шөвгийн 16-д шалгарсан цорын ганц баг болох Японы шигшээ баг өнөө шөнө алдарт Дон мөрний хөвөөнөө орших Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд Бельгийн шигшээ багтай тоглоно. Бельгийн шигшээ баг G хэсгийг ганц ч хожигдолгүйгээр 9 оноогоор тэргүүлсэн бол Японы шигшээ баг “аз”-тай байдлаар хэсгээсээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Хоёр багийн хоорон дахь статистикаас харвал Японы шигшээ баг давуу байдалтай байна. 5 удаа таарч тоглоход Японы шигшээ баг 2 хожиж, Бельгийн шигшээ баг 1 удаа хожсон бол 2 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Гэхдээ өнөөгийн хоёр шигшээ багийн хүч чадлын тухайд Бельгийн шигшээ баг илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй байна.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Бельги: Т.Куртуо, Я.Вертонген, В.Компани, Т.Алдервейр, А.Вицел, де Бройне, Я.Карраско, Т.Менье, Д.Мертенс, Э.Азар, Р.Лукаку
- Япон: Э.Кавашима, Х.Сакай, М.Ёшида, Г.Шожи, Ю.Нагатомо, М.Хасебэ, Г.Шибасаки, Г.Харагучи, Ш.Кагава, Т.Инуй, Ю.Осако
Бельгийн шигшээ баг бол том зорилготой байгаа. Харин Японы шигшээ баг маш азтай байдлаар хасагдах шатанд шалгарсан. Өнөө шөнийн тоглолтонд багийн ахлагч М.Хасебэ эргэн ирэх боломжтой бол Т.Инуй, Ю.Осако нар гараанд гарч магадгүй байгаа. Харин тэдний өрсөлдөгч Бельгийн шигшээ багаас шигшээ багийн ахлагч асан төвийн хамгаалагч В.Компани гараанд гарахад бэлэн болоод байна. Өнөөдрийн тоглолтонд том амбицтай Оросод ирсэн Бельгийн шигшээ баг хожих магадлал харьцангуй өндөр юм.
Б.БЯМБАБАЯР