ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөө шөнө БРАЗИЛ – МЕКСИКийн тоглолт болох бөгөөд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
Америк тивийн төлөөлөл Бразил болон Мексикийн шигшээ багуудын шөвгийн 16-д учраа таараад байна. Тоглолт өнөөдөр Оросын Самара хотноо 22.00 цагт болно. Бразилын шигшээ баг Е хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгараад байгаа бол Мексикийн шигшээ баг F хэсгээс хүснэгтийн 2-р шөвгийн 16-д шалгарсан. Америк тивийн хоёр төлөөлөл өмнө нь 40 удаа тааран тоглож байсан. Мэдээж дэлхийн аваргаас гадна нөхөрсөг тоглолт, Пан Америкийн аварга, Копа Америка гэх мэт тивийн тэмцээнүүдэд олонтоо учраа таарсан. Нийт 40 удаа таарч тоглоход Бразилын шигшээ баг 23 удаа хожиж, Мексикийн шигшээ баг 10 удаа хожсон бол 7 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Харин эдгээр тоглолтуудаас дэлхийн аваргад таарсан тоглолтод Бразилын шигшээ баг ялалт байгуулсан байдаг.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Бразил: А.Бекер, Фагнер, Т.Силва, Миранда, Ф.Луис, Каземиро, Паулиньо, Виллиан, Ф.Коунтиньо, Неймар, Г.Жесүс
- Мексик: Г.Очоа, М.Лайюн, У.Аяала, К.Сальседо, Ж.Гальярдо, Э.Эррера, Йонатан дос Сантос, А.Гуардадо, К.Вела, Х.Эрнандес, И.Лозано
Оросод “ногт ганзагалан” ирсэн том багууд эхнээсээ нутаг буцаад байна. Германаас эхлээд Испани, Португал, Аргентины шигшээ багууд нутаг буцсан. Харин энэ удаа Бразилын шигшээ багийн цаг биш биз? Бразилын шигшээ багаас хамгийн сайн тоглож байгаа нь Ф.Коунтиньо бол Неймарын тоглолтыг хүлээж байгаа фэнүүд олон байна. Хэрвээ Ф.Коунтиньогоос гадна Неймар сайн тоглолтоо үзүүлбэл дийлдэхгүй хүчтэй баг болох нь дамжиггүй. Бразилын багаас Марсело талбайд гарах боломжгүй байгаа бөгөөд түүний оронд Ф.Луис талбайд гарч магадгүй байна. Харин тэдний өрсөлдөгч Мексикийн шигшээ багаас төвийн хамгаалалтад Х.Морено оролцохгүй тухай мэдээлэл гарсан. Түүний оронд У.Аяала талбайд гарч магадгүй байна. Мексикийн шигшээ баг хэсэгтээ Германыг буулгаж авсан ч Шведийн шигшээ багт хожигдож тийм ч сайн биш байгаагаа харуулаад байгаа. Нөгөө талаар Бразилын шигшээ баг гол өрсөлдөгчид нь тэмцээнийг орхисон тул түрүүлэх итгэл үнэмшил нь улам бүр баталгаажиж, сэтгэлзүйн хүч өгч байгаа болов уу? Иймд Бразил хожил байгуулах магадлал харьцангуй өндөр юм.
Б.БЯМБАБАЯР