Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох дөрвөн Их Дуулга тэмцээний энэ оны 3 дахь буюу Уимблидоны нээлттэй тэмцээн өнөөдөр эхлэж байна. 2018 оны Уимблидонд Р.Федерер, Р.Надал, Н.Жокович болон М.Чилич нарын шилдгүүд өрсөлдөж байгаа бол нутгийн тамирчин Э.Мюррей, Чехийн Т.Бердих, Испаний Р.Агут, Өмнөд Солонгосын залуу теннисчин Чун Хён нар бэртлийн улмаас оролцохгүй.
Энэ оны Уимблидоны өмнө theweek цахим хуудсанд тэмцээний ялагчаар Р.Федерер түрүүлнэ гэсэн таамаг 50 гаруй хувьтай байгаа бол Н.Жокович 18%, Р.Надал 14%-н саналтай удаалж байна. Тэгвэл sportillustrated цахим хуудаснаа мөн Р.Федерерийг түрүүлнэ гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэмцээний өмнөх таамгийг дэвшүүлж байна.
Р.Федерер: Их Дуулга тэмцээний 20, үүнээс 8 удаад нь Уимблидоны цомыг хүртэж байсан “Швейцар цаг” Р.Федерер аваргын цомоо хамгаалан оролцож байна. Хэдхэн хоногийн дараа 37 нас хүрч буй Р.Федерер шороон кортноос бусад зүлгэн болон хатуу гадаргуутай талбайд маш өндөр амжилттай тоглодог. Үүний нэг баталгаа бол зүлгэн гадаргуутай талбайд болдог Уимблидонд хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн. Энэ жил 6 тэмцээнд оролцохдоо 5 удаа финалд шалгарч 3 удаа цом хүртсэн. Оны эхэнд Австралийн Их Дуулга тэмцээн, Роттердам, Штутгартын нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн бол Индиан Уэлльс, Халлын нээлттэй тэмцээний финалд шалгарсан. Харин Миамигийн нээлттэй тэмцээний 2-р шатанд хожигдсон нь багагүй сенсаци болсон. Нийт 28 тоглолт хийснээс 25 удаа ялалт байгуулж 89.2%-н амжилттай байна.
Н.Жокович: Их Дуулга тэмцээний 12 удаагийн аварга, дөрвөн Их Дуулга тэмцээнд дөрвүүлэнд нь түрүүлсэн цөөхөн теннисчдийн нэг Н.Жокович 3 удаа Уимблидонд түрүүлж байсан. Харин сүүлийн жилүүдэд тохойны бэртлээс бол чансааны 20-д ч багтаж чадахгүй байгаа. Энэ жил Н.Жокович ямар нэгэн цом хүртэж чадаагүй байгаа. Уимблидонд эргэн ирэлт хийхийн тулд К.Эдмунд, Д.Дим нартай, дараа нь А.Зверев, К.Нишикори болон Н.Киргиос, хагас шигшээд Р.Надалтай тоглож магадгүй байна.
Р.Надал: “Шороон кортны хаан” Р.Надал зүлгэн гадаргуутай талбайд ч чамгүй өндөр амжилт үзүүлдэг. Тэрээр 17 удаа Их Дуулга тэмцээнд түрүүлсний 2 нь зүлгэн гадаргуутай талбайн Уимблидон байдаг. Р.Надал 2006, 2007, 2008, 2010, 2011 онуудад Уимблидоны шувтрагын шатанд шалгарч 2008, 2010 онд түрүүлсэн. Тэгэхлээр Уимблидоны хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Р.Надал юм. Чансааны №2-т эрэмбэтэй байгаа Р.Надал энэ онд 6 тэмцээнд оролцохдоо бүгдэнд нь дунд шөвөг буюу түүнээс дээш амжилт үзүүлсэн бөгөөд Францын Их дуулга, Мастер-1000 ангиллын Монте-Карло, Италийн нээлттэй тэмцээн, Барселонагийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлээд байна. Уимблидонд хамгийн өндөр формтой оролцогч бол Р.Надал юм.
М.Чилич: 2014 оны US Open буюу Америкийн Их Дуулга тэмцээний аварга Хорватын М.Чилич тэмцээний 3-д эрэмбэлэгдээд байгаа. М.Чилич энэ он гарснаар Их Дуулга тэмцээнд маш дээгүүр өрсөлдөж байгаа бөгөөд Австралийн Их Дуулга тэмцээний шувтрагын шатанд шалгарсан бол Францын Их Дуулга тэмцээний дунд шөвөгт шалгараад байна. Харин энэ онд ердөө ганцхан тэмцээнд түрүүлсэн нь хэдхэн хоногийн өмнө Хатан хааны клубын АШТ-нд түрүүлээд байгаа. Энэ тэмцээн нь зүлгэн гадаргуутай талбайд явагддаг тэмцээн байсан. Иймд Уимблидоны гол өрсөлдөгч байх тоглогч бол М.Чилич юм.
Дараагийн гол фаворитуудыг нэрлэвэл:
- Австралийн залуу теннисчин Н.Киргиос
- Германы залуу теннисчин А.Зверев
- Аргентины хашир туршлагатай дель Потро
- Канадын М.Раонич
- Австрийн залуу теннисчин Д.Дим
- Болгарын Г.Димитров
- Өмнөд Америкийн К.Андерсен нар Уимблидоны аваргын төлөөх хамгийн хүчтэй өрсөлдөгчид юм.
Б.БЯМБАБАЯР