Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэх эсэх тухай маргаан улстөржиж институци хоорондын зөрчлийн сэдэвт ч багтах болсон. Гэвч ШХАБ-ын гишүүн орнууд зарим арга хэмжээндээ Монгол Улсыг ажиглагчийн статустай гэлтгүй татан оролцуулж эхлэх болжээ.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид Бээжин хотноо байрлах И Ли экологийн хүрээлэнд айлчилж Хөвчийн элсэн цөлийг зассан үр дүнтэй танилцуулахдаа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг урьж оролцуулжээ. Чиндаод болсон уулзалтын үеэр Хятадын ногоон хөгжлийн шинэ амжилт ШХАБ-ын гишүүн орны удирдагчдын анхаарлыг татаж тэндээс суралцахад хүргэсэн байдаг.
Энэ удаагийн танилцуулах аялалд ШХАБ-ын нарийн бичгийн дарга Рашид Алимов, ШХАБ-ын үйл ажиллагааны тусгай төлөөлөгч Сүнь Лиже, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Денисов нар оролцсон байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг “Монгол Улс өргөн уудам газар нутагтай, мал аж ахуй хөгжин, байгалийн баялаг, ялангуяа ашигт малтмалын нөөц баялагтай боловч нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь тал газар, цөлийн бүсэд оршдог учраас цөлжилтийн аюулд өртөөд байна. И Ли групптэй хийж буй энэхүү удаагийн уулзалт маань хоёр орны цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны шинэ эхлэл болно гэдэгт найдаж байна” гэсэн байна.
ШХАБ-ын гишүүн орнуудын энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсыг газар нутгийн онцлог, цөлжилтөд нэрвэгдсэн байдалтай нь холбогдуулж оролцуулсан ч ажиглагчид тус байгууллагын үндсэн гишүүн орнуудаас гадна Монгол Улсын Элчин сайдыг л оролцуулсан нь тус байгууллагын гишүүнээр элсүүлэх талаарх тодорхой хүлээлттэй холбоотой байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа аж.
У.ОЙДОВ