Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.07.02/ 2018 оны хаврын чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Эдийн засгийн байнгын хороо энэ хаврын чуулганаар 14 удаа хуралдсан бол ажлын хэсгүүд нь 30 гаруй удаа хуралджээ. Хаврын чуулганы хугацаанд 30 гаруй асуудлыг хэлэлцэж, 32 санал дүгнэлт бэлдэж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулсан байна. Энэ хугацаанд дөрвөн хууль, долоон тогтоол, олон улсын дөрвөн гэрээ хэлэлцээрийг батлуулжээ. Тус байнгын хороо 2017 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2019 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бэлтгэх, татварын орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажил хийжээ. Хамгийн сүүлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, 30 хувийг нь олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах тогтоолын төслийг УИХ баталсан. Үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, томоохон төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлсэн гэж байнгын хорооны дарга онцоллоо.
Мөн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийн гол ажлын нэг нь банкны салбарын хуулиуд болон банкийг тогтворжуулах хууль юм. 2018 оны сүүл хүртэл банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаа өгсөн. Арилжааны банкуудад зургаан сарын хугацаа өгөөд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах боломж өгнө. Үүний дараа өөрийн хөрөнгө нь хэмжээндээ очоогүй бол төр хувийг нь шууд хураамж авах юм. Энэ бол банкны салбарын тогтвортой байдлыг хангах чухал гэдгийг тодотгов. Тэрээр,
Байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Төрийн өмчийг цэгцтэй болгох асуудлыг шийдсэн. Ашиглахгүй байгаа төрийн өмчийг орон нутагт нь буцаах, замбараагүй ашиглаж байгаа төрийн өмчийг цэгцлэх, тооллого хийх, хамгаалалт, хяналтыг сайжруулах тогтоолыг баталж өгсөн. Агаарын харилцааг сайжруулах үүднээс МИАТ-ын асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн ашигтай чиглэл рүү ганц хоёрхон газар тээвэр хийж байна. Есдүгээр сар хүртэл тасалбар олдохгүй, үнэ нь өндөр байгаа учраас өөр компани нисэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой, “Эрдэнэт үйлдвэр” дээр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна. Оюутолгойн ажлын хэсгийн ажил үндсэндээ дуусч байна. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Тиймээс ирэх намрын чуулганаар энэ хоёр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Чуулган завсарласан хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын банкны ажлын хэсгийг ажиллуулах гэж байна. Гаднын хөрөнгө оруулалтын банкийг Монголд оруулж ирж болох хуулийн нөхцөлийг бүрдүүлж өгнө. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын санхүүжүүлж чадахгүй байгаа бага хүүтэй, их хэмжээний, том төслүүдийг санхүүжүүлэх банкийг оруулж ирнэ. Ингэснээр зээлийн хүү буурах юм. Мөн Орос Монголын хамтарсан төмөр зам дээр очиж ажиллахаар төлөвлөөд байна.
Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа:
-2018 оны уул уурхайн салбар өсөж, ажлын байр нэмэгдэж байна. Барилгын салбар зогсонги байсан бол үйл ажиллагаа нь сэргэж эхэлж байна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлгийн шатанд бэлтгэсэн Төрөөс иргэний агаарын тээвэрт 2020 он хүртлэх баримтлах бодлогын баримт бичгийг батлуулсан. Бид иргэдээс ирсэн тасалбарын үнийг хямд байлгаж өгөөч гэсэн хүсэлтийг шийдвэрлэсэн. Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг бүх гишүүд дэмжсэн. Нийт зээлийн 70 гаруй хувь хэрэглээний, өрхийн амьжиргааны зээл байна. Гэтэл зээлийн хүү өндөр байна. Зарим газар өндөр хүүтэй өдрийн зээл бий болсон байна. Тиймээс гишүүд энэ хуулийн төслийг дэмжээд хэлэлцээд эхэлсэн. Мөн манай эдийн засгийн гишүүд Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгох хуулийн төслийг өргөн барьсан. 300 гаруй мянган бага ангийн хүүхэд үдийн хоолонд хамрагддаг. Олон жил үдийн цай байсныг үдийн хоол болгох ёстой гэж үзэж энэ хуулийн төслийг өргөн барьсан.
Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн валютын зохицуулалтын тухай хуулийг буцаасан. Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн байсан. Ямар шалтгаанаар УИХ-ын чуулган дэмжээгүй юм бэ?
-Валютын зах болон бусад газарт олон замбараагүй ченж ажиллаж байна. Олон газар валют авч, гүйлгээ хийж байгаа. Энэ бүдгийг цэгцлэх үүднээс Валютын зохицуулалтын хуулийн төсөл оруулж ирсэн. М.Оюунчимэг гишүүн бас ийм хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгээд, хэлэлцээд явъя гэж үзсэн. Оюутолгойн мөнгийг Монголоор дамжуулах нь чухал. Гэхдээ Монголбанкаар арилжааны банк шиг дамжуулах уу, гэдгийг судлах ёстой. Монголбанкин дээр данс нээхээр ямар хүндрэл гаргах вэ, Монголбанк арилжааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага.
-Зээлийн хүүг бууруулахад ямар ажил хийх ёстой вэ. Тодорхой саналууд гаргаж УИХ-д танилцуулсан уу?
-Арилжааны банкнуудын хүүг бууруулах асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Хэрэглээний зээлийн хүү өөр байгаа. Өнөөдөр зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа арилжааны зээлийг л ярьж байгаа. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гурав Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийн хүүг буруулах стратегийг баталсан. Захиргааны зарим арга хэмжээг ч авна. Мөн суурь эдийн сайруулах ажил хийж байна. Энэ бүх арга хэмжээг хамт авч байж зээлийн хүү буурна.
Ш.ЧИМЭГ