Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг 67 гишүүн дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг 67 гишүүн дэмжжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг 67 гишүүн дэмжжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2018.07.02/ мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа юм. Үндсэн хуулийн төслийг дэмжин УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зуржээ. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдаж, нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2010 онд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль баталсан. УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлж, ажлын хэсэг байгуулж байжээ. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, 2017 оны найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, төсөлд тусгасан гэж ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Үндсэн хуульд ямар нэмэлт өөрчлөлт орж буйг сонирхуулъя.

УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтуудыг оруулж байгаа гэнэ.

  Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгажээ. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна.

Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа гэнэ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр улс төрийн намуудтай зөвшилцсөн гэж ойлгож болох уу. Ардчилсан намын зүгээс ойлголцолд хүрээгүй гэсэн байр суурьтай байх шиг байна?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар маш хүлээцтэй хандаж, долоо хэмжиж, нэг огтолж, тооцоо, судалгаатай боловсруулах зарчмын баримталж ажилласан. Зарим хүмүүс нэмэлт, өөрчлөлтийн төслийг удааж болохгүй, энэ нь өөрөө хор уршигтай гэж бодож байгаа. Шүүмжлэх хүмүүс ч байна. Үндсэн хууль бол Монголын нийгэмд маш том түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Б.Чимид багшийн хэлснээр “Хамаагүй судас, шөрмөсийг нь тасалбал, бусад эрхтэндээ шархлаа үүсгэдэг” гэж хэлж байсан. Тиймээс маш болгоомжтой хандаж ирсэн. Үндсэн хуульд ёсны хөгжлийн асуудлаар  дэлхийн эрдэмтэд маш нарийн нягталж, өөрчлөлтийг үе шаттайгаар явуулбал эрсдэл бага гардаг гэдэг. Эхний ээлжинд 35 хувьд багтааж, дээрх гол өөрчлөлтүүдийг хийж, шүүмжлэл дагуулж байсан долоо өөрчлөлтийн нэг хэсгийг уг эхээр нь сэргээж байгаа.  Мөн Засгийн газрын тогтвортой байдал, улс орны хөгжлийн  бодлогыг тогтвортой урагш нь авч явахын тулд парламентын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт гарцаагүй зүйлүүдэд өөрчлөлт оруулж байгаа. Ардчилсан намын гишүүд идэвхтэй оролцож байгаа.  Зарим нэг асуудлаар тохиролцох, зөвшилцөх асуудал гарах  байх гэж бодож байна. Бид эцсийн эцэст олон нийтийн хэлэлцүүл дээр, иргэдийн санаа бодолд тулгуурласан.

-Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Хуулийн төслийг хэзээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа.  Төсвийн хэлэлцүүлгийн дараа эсвэл өмнө нь ямар нэг байдлаар  хэлэлцэх байх. Урьдчилан хэлэх боломжгүй байна. Ямар ч гэсэн энэ ондоо багтаана.

-Нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог тусгаж байгаа юм байна. Мажоритор юм уу эсвэл холимог байхаар тусгаж байгаа юм уу?

-Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж тогтолцоо гэдэг үг нэмсэн. Анхнаасаа тийм байсан. УИХ-ын гишүүнийг сонгох асуудал нь сонгуулийн тухай хуульдаа бий. Хэлэлцүүлгийн явцад сонгуулийн тогтолцооны асуудал хөндөгдөх байх. Нам сонгодог болох гэж байна гээд хүмүүс шүүмжлээд байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад тодорхой болно.

-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ?

-Ард нийтийн санал асуулга явуулаагүй, олон нийтээр хэлэлцүүлсэн. Олон нийтийн хэлэлцүүлгийг чанаргүй болсон гэж шүүмжлэх хүмүүс байгаа ч 330 мянган иргэний санал энд хадгалагдаж, нэг бүрчлэн нягталж тусгасан.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж заасан.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж