Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус газрын даргын баталсан 2018 оны хяналт, шалгалтын төлөвлөгөөний дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн 2016-2017 оны удирдлага, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарчээ.
Ажлын хэсэг дээрх байгууллагуудын газрын удирдлага, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төр ийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, худалдан авалтын үйл ажиллагаа, захиралтай байгуулсан гэрээ болон байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл зэргийг шалгасан байна.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2017 онд 660 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 17.3 хувиар биелүүлжээ. Тус компанийн удирдлагууд үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, орлого зарлагын төлөвлөгөөг биелүүлэх, хувьцааны арилжааг нэмэгдүүлэх, зах зээлийг сурталчлах, Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах, сургалт зохион байгуулах талаар нэлээд ажил хийсэн байна.
Шалгалтаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн өмнөх удирдлагууд болон холбогдох ажиллагсадын үүсгэсэн найдваргүй болох эрсдэлтэй, тооцоо нийлээгүй авлагууд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь 2017 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн зөрчил, дутагдал илэрсэн байна.
Иймд дээрх компанийн удирдлагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж, биелэлтийг нь ТӨБЗГ-т ирүүлэхийг даалгажээ.