Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлана

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлана

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлана

Монголын допингийн эсрэг үндэсний төвд өнгөрөгч зургадугаар сард хоёр бөхөөс хориотой бодис хэрэглэсэн (допинг) мэдээллийг БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлжээ. Хамгийн сүүлд буюу зургадугаар сарын 27-д ирүүлсэн мэдээлэлд нэг бөхөөс хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон бөгөөд “Б” сорьцын шинжилгээг хийлгэх хүсэлтээ долдугаар сарын 5-ны дотор Допингийн эсрэг үндэсний төвд өгөх юм байна.

Үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд мэдэгдэж, “Б” сорьцыг хийлгэх хүсэлт байгааг сануулж байгаа аж. Одоогоор хамгийн сүүлд допинг илэрсэн бөх давтан шинжилгээнд орох хүсэлтээ ирүүлээгүй байгаа юм байна. Хэрвээ допинг илэрсэн бөхчүүд ‘Б’ сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт өгөөгүй бол тодорхой хугацааны дараа нэрийг олон нийтэд зарлах аж. 

БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Үндэсний шигшээ баг болон үндэсний бөх, бодибилдинг, пауэрлифтингийн тамирчдаас допингийн шинжилгээг тэмцээний болон тэмцээний бус үед авч байгааг олон нийтэд мэдээлж байсан. Одоогоор үндэсний бөхчүүдээс таван бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол энэ тоо дахин хоёроор нэмэгджээ.

Бөхчүүд “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй учир одоогоор олон нийтэд бөхчүүдийн нэрийг зарлах болоогүй юм байна. Өнгөрөгч онд 43 бөхөөс шинжилгээ авахад таван бөхөөс хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг баяр наадмын бөхийн барилдаанд барилдуулахгүй шийдвэрийг гаргаад байгаа. Тиймээс дараах бөхчүүд энэ жилийн баяр наадамд барилдахгүй юм байна.

“Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд 2017 онд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаж, дараах бөхчүүд хориотой бодис хэрэглэсэн нь тогтогджээ. Тодруулбал:

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс допинг илэрсэн байна.

Ч.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж