УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2018.07.02/ 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, сөрөг хүчний зүгээс хаврын чуулганаар хэлэлцэх ёстой гол гол хуулийн төслүүдийг хэлэлцэж чадсангүй гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм. Тухайлбал, Эрхзүйн хүрээнд төлөвлөгдсөн гол гол ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны тогтолцоо, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой төлөвлөгдсөн хуулийн төслүүд болох Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хууль зэргийг хэлэлцсэнгүй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл болох Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хоёр чуулган дамжин яригдлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлтийг мөн хойшлуулсан. Эдгээр хуулийг хэлэлцэх боломж байсан ч жагсаалтад ороогүй. УИХ-аас баталсан хууль нь иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр тусах шаардлага тулгарч байгаа энэ цаг үед чуулган энэ зорилтоо хэрэгжүүлж чадсангүй гэлээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч УИХ-аас иргэдийн амжиргааг дээшлүүлэх дорвитой шийдвэр гаргаагүй. Гэхдээ АН-ын бүлгээс байр сууриа илэрхийлж, иргэдийн хүсэлтийг шингээсэн хууль батлагдсан. УИХ-ын Дэгийн тухай хууль батлагдсан. Эдгээр хуулийг хэлэлцэх явцад АН-ын бүлэг нэг удаа завсарлага авч, Үндсэн хууль зөрчихөөр байсан заалтыг хассан нь зөв гэж харж байна. Гэхдээ УИХ-ыг хариуцлагжуулах асуудал энэ хуульд бүрэн утгаараа тусч чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүний хариуцлагын асуудлыг тусгах шаардлагатай гэж харж байгаа. Намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэгдэхэд энэ асуудал зайлшгүй тавигдана. Татварын багц хуулийн төслийн талаар дүгнэлт гаргахаар АН-ын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар батлахаар төлөвлөж байсан ч амжаагүй. Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд анхаарч үзэх зүйл бий. Ялангуяа уул уурхайн баялгийн татварыг бүх уул уурхайн компаниас ижил авах асуудалд голлон анхаарах ёстой. Саяны чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийг буцаасан. Энэ хуулийг баталснаар валютын ханшинд сөргөөр нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байгаа. Бодит байдал дээр бол Монголын уур уурхайн баялаг гадагшаа үнэгүй урсаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Ямар ч байгууллага худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн худалдан авсан газартаа төлж байх үүрэгтэй. Өнөөдөр зарим нэгэн стратегийн ордыг эзэмшиж байгаа компаниудад энэ үйлчлэхгүй байгааг буруу гэж Ерөнхийлөгч үзсэн. Энэ өөрчлөлтийг хийсэн бол манай баялгийн мөнгө гадагшаа үүсч, оффшор үүсгэдэг байдлыг зогсоох байсан юм. Монголын баялаг гадагшаа гарч, гүйлгээ хийгдэж байгаа учраас Оффшорын мөнгө үүсч байгааг хүн болгон ойлгох хэрэгтэй. Уул уурхайн баялгаа гадагшаа зараад Монголд валютын урсгал орж ирэхгүй байгаа учраас манай улс валютын хомсдолд орж байгаа. Импортын хараат улс оронд валютын нөөц байхгүй бол валютын савалгаа байнга үүснэ гэдэг нь бодит амьдрал дээр нотлогдож байгаа. Эдийн засаг өсч, валютын орлого нэмэгдэж байгаа ч валютын ханш садлаад байгаа шалтгаанд хариулт өгөх хуулийн зохицуулалтыг буцаасан нь буруу’ гэлээ.
“Эрдэнэс Монгол” компанийн хувь заяаг бүрхэгдүүллээ
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг 10 хоногийн дотор хэлэлцэж баталлаа. Энэ тогтоолд түүхий юм их бий. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэгт АН-ын бүлэгнэгдэж байгаа. Тиймээс эрх баригчидтай хамтран Тавантолгойн болон уул уурхайн стратегийн бусад ордтой холбоотой асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Ингэхдээ Засгийн газрын сайд нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож ойлголцолд хүрсэн. Тавантолгойг нээлттэй компани болгохоор бол толгой компанийг нь иргэдийн хяналт, удирдлагад өгч, Монголчууд баялгаасаа ашиг хүртэх ёстой гэсэн ойлголцолд хүрсэн. Эрх баригчид Тавантолгойн асуудлыг Эрдэнэс Монголтой хольж болохгүй гэдэг асуудлыг ярьж байсан. “Эрдэнэс Монгол” бол Монголын баялгийн ганц толгой компани. Тиймээс Тавантолгойг нээлттэй болгож байгаа бол энэ компанийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлж, хяналт тавих, ашиг хүртэх боломжийг нь нээх байсан. Гэвч энэ зорилгодоо хүрч чадсангүй. Ингэснээр эрх баригчид стратегийн 10 гаруй ордыг Тавантолгой шиг тус тусад нь өмчилж авах оролдлого хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын уул уурхайн баялгийг хэсэг хэсгээр нь хувааж идэхээр явж байна гэж ойлгохоос өөр арга байхгүй. Үүнийг нэгтгэдэг, ашгийг нь нийтэд хүртээх толгой компанийн асуудлыг хойш тавьж байгаа нь “Эрдэнэс Монгол” компанийн хувь заяаг бүрхэгдүүлж байна. Гэхдээ Монгол Улс нэг алхам урагшилсан. АН бүгдийг эсэргүүцэж, бүгдийг гацаахыг эрмэлзээгүй. Хэрэв Тавантолгойн тогтоолыг зогсоохоор шийдсэн бол тав хоногийн завсарлага аваад, Намрын чуулган хүртэл хойшлуулах боломж байсан. Бид энэ аргыг сонгоогүй. Монголчуудын эрх ашгийн төлөө, Монголын баялгийг иргэдэд нь эзэмшүүлэхийн төлөө эрх баригчидтай зөвшилцөх нь зөв гэж бид харж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулах байх. Тавантолгойн IPO хийх, түүнийг хэрэгжүүлсний дараа эрх баригчид амалснаа биелүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг сөрөг хүчин мэдэгдлээ.
МАН-аас ард түмэн юу ч хүлээхээ больсон
‘Ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, 5800 ажлын байр бий болж, экспортын орлого 2.5 тэрбум ам.доллар, татварын орлого 400 саяас 1.2 тэрбум ам.доллараар өсөх юм байна. Энэ бол МАН–ын шинэ амлалт гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд МАН–ын 2016 оны сонгуулийн амлалт огт хэрэгжээгүй. Одоо ард түмэн тэднээс юу ч хүлээхээ больсон. Одоо Тавантолгойгоор хоёр дахь том амлалтаа өглөө. Бид үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах болно’ гэв.
Захиргааны ерөнхий хууль эрхзүйт төрийг үгүйсгэж Үндсэн хуулийг зөрчсөн
Мөн хаврын чуулганаар Засгийн газрын хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг шүүмжилж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Хоёр сайдтай холбоотой асуудлыг бид гаргаж тавьсан. Мэдэгдэл, шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэцийн шийдвэр хэрхэн эцэслэж гарснаас асуудалд хандана. Ер нь цаашдаа АН зайлшгүй тодорхой хуулиуд дээр байр сууриа илэрхийлнэ. Та бүхэн мэдэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн төсөл орж ирж, томоохон зөрчил үүсгэсэн. Захиргааны ерөнхий хууль нь өөрөө Засгийн газар ямар улс орон руу хөтөлж байна вэ гэдгийг тодорхойлсон хуулийн төсөл орж ирсэн. Захиргааны ерөнхий хууль эрхзүйт төрийг үгүйсгэсэн Үндсэн хуулийг зөрчсөн ийм хуулийг оруулж ирсэн. Эрх баригчид ганцхан зүйлээр хазаарлах гэж оролдож байгаа боловч үнэн хэрэгтээ Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Засгийн газрын буруутай шийдвэрээс хохирлоо барагдуулах газаргүй болгох оролдлогыг хийх гэсэн гэж бид харж байгаа. Тийм учраас манай бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тус хуулийг намар дахин хэлэлцэх шаардлага үүсэх байх. Гэхдээ Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн эрхзүйт төрийг үгүйсгэсэн энэ хуулийн төслөө буцааж татан авах байх гэж бид найдаж байна. Захиргааны ерөнхий хуулиар улстөрийн шийдвэр, Захиргааны шийдвэр хоёрыг ялгалгүйгээр нийтэд нь оруулж ирснийг бид буруу гэж шүүмжилж байгаа. Үүнийг зөвхөн АН-ын бүлэг хэлээд байгаа юм биш Монгол Улсын эрхзүйг мэддэг хуульчид, эрдэмтэд үүнийг хэлж байгаа юм. Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харах байх гэдэгт найдаж байна. Хаврын чуулганаар хэлэлцсэн хуулиудад АН-ын бүлэг байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй тогтоолын төслийг оруулж ирсэн. Энэ нь төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төсөл байсан. Тус тогтоолын хүрээнд ашигтай ажиллаж байгаа Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэргийг хөрөнгийн биржээр хувьчлах гэсэн бүдэг агуулгатай дэндүү хямд нэгж хувьцааны үнэлгээтэй орж ирснийг УИХ түр хойшлуулсан байгаа. Үүнд Засгийн газар тодорхой тайлбар өгөөгүйгээс тус тогтоолын төсөл хойшлогдсон гэж ойлгож болно. Ялангуяа Төрийн банкинд бид онцгой анхаарах шаардлага байгаа. Үүнд УИХ-ын нийт гишүүн санал нэгдэж байгаа. Засгийн газрын нэг том дутагдал нь алдаатай хууль эрхзүйг оруулж ирэнгүүтээ буцааж татаж авахгүй өөрсдийнхөөрөө зүтгүүлж байгаа нь өөрсдийнхөө эрх ашигт хөтлөгдөж байна гэж хардахад хүргэсэн.
Хүүхдийн мөнгийг улс төржүүлж болохгүй
Хүүхдийн мөнгийг олгохдоо ОУВС-гийн шаардлагаар нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор тогтоосон. АН-ын бүлэг хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр 100 хувь олгох ёстой гэсэн бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хүүхдийн мөнгийг улс төржүүлж болохгүй гэдгийг бид онцлон хэлж байгаа. 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тал дээр АН-ын бүлэг зайлшгүй ажиллах ёстой гэж харж байгаа. Намрын чуулган аравдугаар сард эхэлнэ. Намрын чуулганаар бид АН-ын үзэл баримтлал, ардчиллыг шингээсэн нийгмийн болон эдийн засгийн, улстөрийн шинж чанартай бодлогын асуудлыг УИХ-д тавьж шаардахаас зэхэж байна. Бодлогын асуудлуудаа намрын чуулганаас өмнө боловсруулж гаргана. Ингээд 2020 он хүртэл улс орныг өөрчлөхөд ямар арга замаар явах ёстой вэ гэдгийг томоохон асуудлуудыг хөндөн гаргана. АН-ын бүлэг хаврын чуулганаар хэлэлцлэгдсэн гурван хуулийн төслийг буцаалаа. Тодруулбал, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Хаврын чуулганы төгсгөлөөр чимээгүйхэн хулгайгаар орж ирсэн хуулийн төсөл байсан. Уг хуулийн төсөл нь Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өөрийнх нь хэрэгцээнд импортоор оруулах дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Уг хуулийг мөрдөх эхлэх хугацаа нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө гэж оруулж ирсэн. Гэтэл өнөөдөо 2018 оны долдугаар сар. Өөрөөр хэлбэл Онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль. Уг нь хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалаар хийгдээгүй учраас манай бүлэг завсарлага авсан. Гуравдахь завсарлага авсан хууль нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл. Энэхүү хууль мөн л гэнэт орж ирсэн. Бид хүүхдийн хоол, хүнсний асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Манай бүлэгт огт танилцуулагдаагүй. Хүүхдийн эрүүл мэндэд ирээдүйд харшиж болзошгүй учир тус хуулийг сайтар судалж үзэх шаардлагатай гэж үзсэн.
Ч.ХҮРЭЛБААТАР ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан тухай мэдээллийг хийсэн. Энэ нь хэтэрхий улстөржсөн мэдээлэл гэж харж байгаа. Дим Сам бондыг анх 2015 онд АН, МАН–ын Засгийн газар хамтарч ажиллаж байхдаа 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний бондыг 7.5 хувийн хүүтэй авсан. Энэ бондын өрийг өнөөдөр Засгийн газар яаж дарсан бэ гэдгийг хэлье. Өрийг дарахын тулд Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр 5.6 хувийн хүүтэй авсан Гэрэгэ бондын зөрүү мөнгө 300 сая ам.доллароос төлж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлд авсан бондын мөнгөнөөс урд авсан бондын мөнгийг төлж байгаа хэрэг болохоос биш ард түмний хийж бүтээсэн орлогын татвар, эдийн засгийн өсөлтөөс олсон мөнгөөр төлөөгүй. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш “Хуралдай”, “Гэрэгэ” гэсэн хоёр бондод нийтдээ 1.4 тэрбум ам.долларын зээл авч “Хуралдай” бондынхоо нэг хэсгийг 580 сая ам.долларын “Евро” бондыг төлсөн. Өнөөдөр “Гэрэгэ” бондын нэг хэсгээс “Дим Сам” бондын нэг хэсгийг төлсөн” гэлээ.
Үндсэн хуулийн төслийн талаар танай намын бүлэг ямар байр суурьтай байна вэ. Ээлжит бус чуулган зарлах шаардлагатай юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байгаа. Хамгийн сүүлд уг асуудлаар хуулийн дагуу саналаа өгөх ёстой есөн байгууллагад албан тоот УИХ-аас хүргүүлсэн. Ажлын хэсэг удахгүй тодорхой мэдээлэл өгөх байх. Үндсэн хуулийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсээгүй гэж бид харж байгаа” гэсэн хариултыг өгөв.