Ойлголтын зөрүүг огтлолцуулахад

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Ойлголтын зөрүүг огтлолцуулахад

Ойлголтын зөрүүг огтлолцуулахад

ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин хоёр сар шахамын өмнө Монголд ажиллахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд очсон. Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа тэрбээр “Монголын шүүхэд 2002 онд ирснээс хойш маш их шинэчлэл хийжээ. Орчин үеийн технологийг хангалттай нэвтрүүлсэн байна. Германд ч нэвтрүүлж амжаагүй технологи, ололтыг Монголоос харлаа” гэж дүгнэсэн. Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан, хуульч, улс төр судлаач дээрх эрхэм нутагтаа очоод “Монголын шүүхийн шинэтгэл, үйлчилгээндээ нэвтрүүлсэн технологиос туршлага судлах ёстой” талаар холбогдох албан тушаалтнууддаа мэдэгдсэн гэдэг.

Улмаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга профессор Клаудиа Варнинг тэргүүтэй Германы төлөөлөгчид зургадугаар сарын 22-ны өдөр Монголын шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийнх нь хэлснээр туршлага судалсан. ‘Монгол Улсын шүүх иргэдтэйгээ ойр байхад том шинэчлэл хийжээ. Иргэндээ ойртсон, үйлчилгээний шинэчлэл хийсэн улс цөөхөн байдаг. Тиймээс танай улсад хийсэн шүүхийн шинэчлэлээс туршлага судлах шаардлага олон улсад бий” гэж дүгнэсэн хадагтай Клаудиа Варнинг монголчуудын хийж бүтээсэн программыг гадаадын шүүхүүдэд нэвтрүүлэх санал тавьсан байна лээ.

Энэ хоёр жишээ бол гадаадынхны Монголын шүүхэд өгсөн үнэлгээ. “Монголд эхлүүлсэн шүүхийн шинэтгэл ижил гараатай улсуудынхаас түрүүлж явна” гэж Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дүгнэсэн. Монголын шүүхийг магтаж, шинэтгэлийг бусад улсад туршлага болохуйц гэж үнэлсэн дээрх хүмүүс бол олон улсад эрх зүйн шинэчлэл эхлүүлэхэд зөвлөмж өгч, ХБНГУ-аас хэрэгжүүлсэн төслийг удирдсан хүмүүс. Улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд. Судалгааны байгууллагын тухайд хараат бус, хөндлөнгийн судалгаа хийдгээрээ дэлхийд нэртэй байгууллага.

Гэтэл Монголд УИХ, Засгийн газрын зарим гишүүн Монголын шүүхийг газар дор ортол муулах юм. УИХ-ын чуулганы танхимд эрх баригчид Монголын шүүхийг баларсан, сүйрснээр нь цоллох боллоо. Сошиалд тэднийг дэмжигчид шүүх засаглалыг зүхэж байна.

Шүүх засаглалыг дүгнэж байгаа эсрэг, тэсрэг ойлголтын зөрүү хаана байна вэ. Огтлолцол нь гадныхны мэдлэг чадвар, харалганд байна уу эсвэл монголчуудын араншинд байна уу. Герман эрх зүйн онол хууль зүйн шинжлэх ухаанд онцгой байр эзэлдэг. Тэдний үгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Монголчуудын хувьд эрт дээр үеэс муу мэдээ сонсох, ярилцахыг шигшиж байсан. Өвөг дээдэс минь муу мэдээ сонсвол “Хэзээ хийсэн үйлийн үрээр муу юм үзэв” гэж халагладаг байсан билээ. Гэтэл өдгөө Монгол төрийн бодлогыг тодорхойлж байгаа төрийн түшээдийн зарим нь муу муухай зүйл ярихдаа,  бусдыг муулахдаа баярладаг. Бусдыг үгүйсгэж, буруутгах замаар улс төрийн зорилгодоо хүрэхээр улайрдаг болж. Муу мэдээг хүлээж авсан олонх нь хөөрцөглөж, хөөргөдөг болсон юм даг уу даа. Сайн мэдээг түгээн дэлгэрүүлж, бүтээж байгаадаа урам өгөхийн оронд харлуулах нь юуны ёр бол.

Муугаасаа сайн нь олон гэж ярьдаг. Шүүх засаглалд шударга бус шийдвэр гаргасан шүүгч, шүүгчид гомдсон хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Дэлхийгээс шүүх, шүүгчээ хардахаа больсон улсыг хайгаад олохгүй. Гэхдээ сайн ажил, сайн өөрчлөлт, шинэтгэлийг бодитоор дүгнэх, түгээн дэлгэрүүлэх нь хөгжлийн хөдөлгөгч хүч. Тиймээс шүүхийн талаарх ойлголтын зөрүүг огтлолцуулахад цөөн хүний “араншин” юм байна. Харин монголчууд шүүхээс илүү их шинэчлэл, бүх засаглалаас шударга ёсыг хүсэж байгаа эрүүл үзэгдэл хүсэж байгаагийн илрэл болов уу.

Л.Отгонбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж