Эцэг эхчүүдийн буруугаас залуус хар тамхинд донтож байна

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүдийн буруугаас залуус хар тамхинд донтож байна

Эцэг эхчүүдийн буруугаас залуус хар тамхинд донтож байна

 Өсвөр үеийнхэн дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар ирсэн. Иймд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Архи, тамхинаас бусад төрлийн бодист донтогчдын тоо жилээс жилд өсч байгаа гэх мэдээлэл байна. Ингэхэд өнгөрсөн жил Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэчнээн хүн донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлсэн бэ?

2016 онд зөвхөн архины донтолтын эмчилгээг 7400 гаруй хүн хийлгэсэн. Архи, тамхинаас бусад донтох эмгэгээр 40 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүнийг 2014 онтой харьцуулахад хоёр жилийн дараа буюу 2016 онд 30-40 хувиар өссөн байна.

-Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний дунд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх хандлага байгааг хуулийнхан анхааруулсаар байгаа. Яагаад залуус хар тамхинд дурлах болов, шалтгаан нь юу байна вэ?

-Өсвөр үеийнхний сэтгэл зүй нийгмээ дагаад өөрчлөгдөж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаггүй, тэднийг ойлгодоггүй байдал нь даамжирсаар тэдэнд сэтгэл зүйн эмгэгийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ дээрэнгүй өнгө аясаар дорд үзсэн мэтээр харьцах нь хүүхдээ улам өөрөөсөө түлхдэг. Тэд стресс бухимдлаас ангижрахын тулд өөр арга замуудыг сонгож эхэлдэг. Дийлэнх нь найз нөхөдтэйгөө нийлэн архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд орох нь элбэг байна. Тэгэхээр эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ найз шиг харилцаатай байж тэдний сэтгэл зүйд үүссэн ээдрээтэй асуудлын цаад шалтгааныг олох хэрэгтэй.

-Эцэг эхчүүдээс гадна сошиал орчин залууст буруу үлгэрлэл үзүүлж байна гэсэн шүүмжлэл гардаг?

-Нийгмийн хэв маяг өөрчлөгдөхийн хирээр залуусын сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа. Залуусын дунд фэйсбүүк байхгүй бол үхлээ гэсэн яриа байдаг. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болчхож. Сошиал хэрэглээний сөрөг үр дагавар нь өөрийгөө илэрхийлэх, амьд харилцааг үгүй хийдэг. Энэ байдал удаан үргэлжилбэл тэдний сэтгэхүйд нөлөөлж өөрчлөлт оруулж байгаа юм.

-Өсвөр үеийнхний дунд хар тамхины хэрэглээний талаарх сүүлийн үеийн тоо баримт танд байна уу?

-Үүнийг судлаад нэгдсэн тоо гаргахад маш хэцүү байдаг. Яагаад гэхээр хүмүүс энэ сэдвийг ил гаргахаас айдаг. Хэрэв ил болговол хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ. Манай төв дээр хар тамхи мансууруулах төрлийн бодисын хамааралтай олон хүн ирсэн. Энэ оны эхээр өсвөр насны хүү эмчилгээ хийлгээд гарсан байдаг. Хүү манайд ирэхдээ андент гэх нойрны эмийн хэрэглээнд орчихсон байсан. Уг эм нь нойрсуулах төрлийн үйлчилгээтэй бөгөөд өдөрт 6-10 ширхгийг уусан тохиолдолд сэтгэцэд нөлөөлдөг хор уршигтай. Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй хууль бусаар орж ирдэг эмийн бүтээгдэхүүн юм. Хамгийн ноцтой нь хүү уг эмийг утсаар залгаад, гэрийнхээ хаягаар хүргүүлж авдаг байсан юм билээ. Үүний цаана мансууруулах бодисыг хууль бусаар худалдаалдаг бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Түүнчлэн залуусын дунд мариухан гэж яригдаад байгаа хар тамхины хэрэглээ аюул дагуулж байна. Мариуханыг зарим хүүхдүүд гэртээ цэцэгний саванд тарихаас гадна, найзуудтайгаа очоод түүдэг гэж байгаа. Иймд хэрэглээний хувьд хяналт тавихаас илүүтэй урьдчилсан сэргийлэх нь хамгийн чухал.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?

Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эцэг эхийн харилцаа. Хүүхдүүд яагаад хорт бодисыг хэрэглэдэг вэ гэхээр сэтгэцийн асуудлаас үүдэлтэй. Хүний бие махбод өөрөө хамгаалах системтэй ажилладаг. Халуун усанд гараа дүрэхээр шууд татаад авдагтай адил сэтгэцэд түгшүүртэй байдал бий болохоор өөрийгөө хамгаалж эхэлдэг. Хамгаалахын тулд ямар нэг өөр зүйл рүү сатаардаг. Энэ нь цаашилбал янз бүрийн хорт бодисын хэрэглээг үүсгэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь эцэг эхчүүдийн харилцаа байдаг. Өсвөр үеийнхэнтэй харилцах үндсэн зарчим нь юу вэ гэхээр найзын харилцааг бий болгох хэрэгтэй.  

-Хар тамхинд орсон хүүхэд бүрэн эмчлэгддэг болов уу? Тэдэнд сэтгэлзүйн тал дээр ямар туслалцаа үзүүлдэг вэ?

-Бид нар олон улсын Колумбын хөтөлбөрийг оруулж ирж байна. Энэ хөтөлбөр нь мансууруулах төрлийн бодисын хэрэглээг хараад суух биш урьдчилан сэргийлэх цогц  хөтөлбөр юм. Мөн энэ чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх Хотлайн системийг нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ системийн давуу тал нь утсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ач холбогдолтой. Хүүхдүүд 103 руу залгаад “энэ эмээс хэдэн ширхгийг уувал үхэх вэ” гэж асуусан олон кейс бий. Хариуд нь эмч нар яагаад утсаар тоглоод байгаа юм гээд үл тооход цаана нь нөгөө хүүхэд амиа егүүтгэх талаар бодож суугаа байхгүй юу. Тэгэхээр энэ системийг нэвтрүүлж хүүхэд, өсвөр үеийнхэнд аль болох сэтгэлзүйн туслалцааг үзүүлэхийг зорьж байна. Харин хар тамхинд орсон хүмүүс хэрэглээний ямар төвшинд байгаагаас хамаарч эмчлэгддэг. Дөнгөж хэрэглэж байгаа хүмүүс энэ төрлийн хорт зуршлаас ангижрах бүрэн боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж