ДАШТ: ОХУ, Хорват шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.02-нд нийтлэгдсэн

ДАШТ: ОХУ, Хорват шөвгийн наймд үлдлээ

ДАШТ: ОХУ, Хорват шөвгийн наймд үлдлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэллээ. Өнгөрсөн шөнө болсон тоглолтын мэдээллээс хүргэе.


ИСПАНИ – ОХУ (1:1, 3:4)

“А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минутыг сунгасан ч мөн гоол орсонгүй. Ингээд торгуулийн цохилтоор талбайн эзэд 4:3-аар өрсөлдөгчөө хожлоо. Испанийн шигшээ багаас Коке, Аспас нар торгуулийн цохилтыг алдсанаар 2010 дэлхийн аваргууд тэмцээнээ өндөрлүүллээ.

Испанийн Серхио Рамос чөлөөт цохилт гүйцэтгэх үед Сергей Игнашевич өөрийн хаалганд автогоол хийсэн нь оросуудад хүнд цохилт болсон юм. Тоглолтын 12 дахь минутаас эхлэн испаничууд 1:0-оор тэргүүлж эхлэв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. Эхний үе дуусахаас өмнө талбайн эзэд тоог 1:1 болгон тэнцүүллээ. Испанийн Пике шар хуудас авч Артём Дзюба торгуулийн цохилтыг амжилттай болгож чадсан юм.

Тоглолтын үндсэн 90 минут тэнцээгээр өндөрлөж, дүрмийн дагуу 30 минут сунгалаа. Нэмэлт цагт багууд гоол оруулж чадалгүй өндөрлөсөн. Ингээд ялагч торгуулийн цохилтоор шийдэгдэж, талбайн эзэд ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ.

Тоглолтын гол баатар нь хаалгач Акинфеев байв. Тэрбээр торгуулийн цохилтод гайхалтай байж, Коке, Аспасын цохилтыг хааж чадсанаар тав дахь цохилтыг хүлээлгүй багаа ялалтад хүргэлээ.

Оросууд хамгийн сүүлд 1986 онд Мексикт болсон 13 дахь удаагийн ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байжээ.


ХОРВАТ – ДАНИ (1:1, 3:2)

“D” хэсгийг тэргүүлсэн Хорват, “C” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Данийн шигшээ багийн тоглолт шөнийн 02.00 цагаас хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хоёр багийн эхний гоолууд тоглолт эхлээд таван минутад орсон юм. Данийн М.Йёргенсен өрсөлдөгчийнхөө хаалганд эхний гоолыг нэг минутад оруулж, тоглолтыг сонирхолтой эхлүүлсэн. Гэтэл үүнээс ердөө гурван минутын дараа Хорватын довтлогч М.Манджукич гоол хийж, тоог 1:1 болгон тэнцүүлсэн.

Тоглолтын үндсэн 90 минутад аль аль гоол хийлгүй өндөрлөсөн. Нэмэлт 30 минут сунгахад 115 дахь минутад Данийн Йёргенсен шар хуудас авч Хорватын талд боломж гарч ирсэн. Гэвч Хорватын Модрикийн торгуулийн цохилтыг Данийн хаалгач Каспер Шмейхель амжилттай хааж чадсан юм. Ингээд 120 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон.  

Данийн шигшээ багаас 11 метрийн торгуулийн цохилтыг Эриксен эхлүүлсэн ч Хорватын хаалгач Субашич амжилттай хаасан. Тэгвэл Хорватын эхний цохилтыг Бадель гүйцэтгэсэн ч Данийн хаалгч Каспер Шмейхель амжилттай хааж чадсан юм. Багуудын эхний цохилт амжилтгүй болсон бөгөөд Данийн Шёне, Иёргенсен нарын цохилтыг хаалгач хааж чадсанаар Хорватын шигшээ баг торгуулийн цохилтыг 3:2-оор өөрийн болгосон. Ингээд Хорватын шигшээ баг шөвгийн наймд үлдэж, ОХУ-ын шигшээ багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор боллоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж