News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоног 2018 оны хаврын чуулган завсарласан, Тавантолгойн ордыг эргэтлэд оруулж, эрчимжүүлэх чухал шийдвэр гаргасан бол бага насны хүүхэд золгшүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарав.
Хаврын чуулган 75 гишүүнтэйгээр хаалтаа хийв
2018 оны хаврын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийв. Энэ удаагийн хаврын чуулганаар олонхын бүлгийн нэг гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр МАН 34-үүлээ, парламент 75 гишүүнтэйгээр хаврын чуулганыг үдэв. Хаврын чуулганы хугацаанд байнгын, дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцсэн байна. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан талаар УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн энэ удаагийн хаврын чуулган ирц, үр дүнтэй сайтай хуралдаж, улс орны эдийн засаг, нийгэмд хэрэгтэй олон чухал хууль баталсан гэдгийг ч тодотгосон юм.
10 жил гацсан Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргав, гэхдээ
Улс төрийн шийдвэр гаралгүй, маргаан талцал үүсгэдэг ч өнөөдрийг хүртэл том төслүүдээ хөдөлгөнө гэдэг үг Засгийн газар болгоны хэлдэг болсон. Тэгвэл 2018 оны хаврын чуулган Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэр гаргав. Ингэснээр Тавантолгой ордын 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй гаргаж, орлогоороо дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. УИХ ямартай ч шийдвэрийг нь гаргаж өгсөн. Харин одоо Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах эсэхийг шийднэ. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын гишүүд болох З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгон зохион байгуулах асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг биржээр арилжаалахын өмнө УИХ-д танилцуулах гэсэн саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгахаар санал гаргасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй юм. мнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжих юм байна. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл тус бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох юм байна. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 шууд ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа бөгөөд энэ тоонд бусад туслан гүйцэтгэгчдийн бий болгох шууд бус айлын байрны тоо багтаагүй аж. Түүнчлэн өмнийн говьд хүн амын суурьшилт ихээр явагдаж, хот байгуулалтын ажил өрнөнө гэж Засгийн газар үзэж буй.
60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх боломжгүй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 19 гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Харин УИХ-ын даргын дэгийн тухай хуулийн дагуу энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэж, тус байнгын хороонд шилжүүлжээ. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн хэлснээр “УИХ-ын даргаас 19 гишүүний нийтийн сонсгол зохион байгуулах бичиг авсан. 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 60 тэрбумтай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын саналын дагуу хариу ирсэн. Тус бичигт тухайлсан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч мөн хариуг нь өгсөн. Гэтэл УИХ-ын 19 гишүүн дахин хандсан. Ерөнхийлөгчид нь болохгүй гэж хэлээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй. Ийм хүнд байдалд байна. Байнгын хорооны хуралдаанаар ямар ч гэсэн ярина” гэсэн юм.
ЗГ Димсан бондын өрийг төлж барагдуулав
Засгийн газар оны эхэнд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай. Үүнээс зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдууллаа. Зургадугаар сард төлөх өрийн хэмжээ:Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум төгрөг, 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөг, 2015 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг буюу нийт 459.9 тэрбум төгрөгийн гадаад өрийг төлж барагдуулжээ.
Золгүйгээр бага насны хүүхэд амиа алдав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хороо, 11-р хорооллын байрны дунд байрлах “Дэлгэр төв”-ийн “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү харамсалтайгаар амиа алдсан бөгөөд үртэй хүн бүхэн түүний өмнөөс эмгэнэн гашуудаж байна.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Цагдаагийн газар хүүгийн үхлийн шалтгааныг тодруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байна.
Гурван сар хоригдсон “Жаст”-ын Ш.Батхүү батлан даалтад гарав
“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүний хоригдох хугацаа энэ сарын 12-нд дууссан учир шүүх хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан. Харин эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болсон байна.
Ш.Батхүүгийн биеийн байдал улам муудсаар байгаа тул маш өндөр тунгаар инсулин тариулж байгаа, үүний улмаас бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн төдийгүй цаашид ийм байдлаар “амьд байлгахад” амаргүй гэдгийг түүний ойрын эх сурвалжууд хэлж байсан юм.
Монгол хүүхэд ДАШТ-ын хөтчөөр ажиллав
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Амар ажиллалаа. Дон мөрний эрэгт орших Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн.
Тоглолтын өмнө талбайд гардаг Kia Official Match Ball Carrier буюу тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Амар ажилласан байна. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд боллоо. 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа. Энэхүү ховор боломж Монгол улсад оногдсон бөгөөд ‘Киа Моторс Монгол’ ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар ‘Шинэ Монгол’ сургуулийн сурагч Ө.Амар шалгарч байсан юм.
Ш.ЧИМЭГ